-Дундын тусгалтай уг пуужин 500 орчим км нисээд Япон тэнгист унасан гэнэ-
Хойд Солонгосын засаг захиргаа баллистик пуужин хөөргөсөн тухай Өмнөд Солонгосын БХЯ-ны мэдээлэлд үндэслэн албан ёсны хэвлэл нь мэдээллээ. “Ёнхап” агентлагийн мэдээлснээр тодорхойгүй хэлбэрийн уг пуужинг Пхёнан-Пукто мужийн агаарын баазаас Ялон тэнгисийн зүг хөөргөсөн байна. Өмнөд Солонгосын цэргийнхэн хөөргөх үйл явцыг ажиглахад пуужин 500 орчим км ниссэн гэнэ. Одоогийн байдлаар АНУ-ын зүгээс пуужин, хөөргөлтийн явцыг судалж байна.
БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун нэгдүгээр сарын 1-нд телевизээр ард түмэндээ хандаж, шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэх үеэрээ тив алгасагч баллистик пуужингаа боловсруулах эцсийн шатандаа орсон тухай мэдээлсэн билээ. Түүнчлэн Ким Чен Ун Хойд Солонгос улсаа “хүчирхэг дайсанд ч дийлдэшгүй Дорнын цэргийн гүрэн” хэмээн нэрлэсэн.
Пентагоны тэргүүн Жеймс Мэттис хоёрдугаар сарын 3-нд Өмнөд Солонгост айлчлах үеэрээ БНАСАУ-ын зүгээс АНУ-ын холбоотнуудад цөмийн халдлага үйлдэх ямар ч оролдлогод “хүчтэй хариу” барина гэж мэдэгдсэн. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамл тангараг өргөхөөсөө өмнөхөн Хойд Солонгосыг АНУ-ын газар нутагт хүрэх чадвартай цөмийн зэвсэг бүтээхийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээгээд Хятад улсыг БНАСАУ-тай холбоотой асуудлуудыг зохицуулахад туслахгүй байна шүүмжилсэн билээ.
Хойд Солонгос улс нарийн чанд нууцлалын дор цөмийн хөтөлбөрөө боловсруулдаг. Тиймээс хөөргөх үйл явцыг нь ажиглах замаар л мэдэх боломжтой юм. Өчигдөр хөөргөсөн пуужин гэхэд сүүлийн 10 сарын хугацаанд болсон ес дэх туршилт. Ажиглагчдын тэмдэглэснээр БНАСАУ өнгөрсөн онд пуужингийн туршилтаа эрчимтэй нэмэгдүүлсэн гэнэ. Өнгөрсөн 10 сарын хугацаанд хөөргөсөн пуужингуудаас хамгийн амжилттай явсан нь өнгөрсөн есдүгээр сард хөөргөсөн пуужин 800 км нисээд Япон тэнгист унасан билээ.
Харин өнгөрсөн аравдугаар сарын 20-нд хийсэн туршилт амжилтгүй болсон. Америкийн тагнуулынхны үзсэнээр Пхеньян өнгөрсөн аравдугаар сард өөрсдийн боловсруулсан “Мусудан” пуужинг хөөргөх туршилт хийхийг дахин оролдсон аж. Өмнө нь БНАСАУ “Мусудан”-ыг хөөргөх гэж хэд хэдэн удаа оролдож байсан боловч ихэвчлэн туршилт амжилтгүй болдог байсан. Олонх шинжээч Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр, цөмийн зэвсэг бүтээх хөтөлбөр урагш ахисаар, амжилтгүй туршилт хэд хэд болсон ч илүү найдвартай цөмийн хошуу тээгчтэй болох найдлагадаа улам ойртсоор байгаа гэж үздэг.
ТРАМПЫГ ГАРЧ ИРСНЭЭС ХОЙШИХ АНХНЫ ХӨӨРГӨЛТ
БНАСАУ ням гарагт дундын тусгалтай баллистик пуужин хөөргөсөн нь АНУ-д Дональд Трамл тэргүүтэй шинэ засаг захиргаа бүрдсэнээс хойших анхны тохиолдол юм. Токио үүнийг Япон болон бүс нутаг даяар шууд өдөөн хатгасан үйлдэл гэж үзэж байна. Тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэ өдгөө АНУ-д албан ёсны айлчлал хийж байгаа юм. Өмнөд Солонгосын ГХЯ-наас энэхүү туршилтыг дэлхий нийтийн анхаарлыг татах, АНУ-ын шинэ засаг захиргаанд өгч буй оролдлого гэж дүгнэж байна.
АНУ ЯПОНЫ ТАЛД
БНАСАУ пуужин хөөргөсөнтэй холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар ээлжит бус хамтарсан мэдэгдэл хийжээ. Тэд өдгөө Флоридад “Мар-а-Лаго” Америкийн Ерөнхийлөгчийн элит шилтгээн байрлаж байгаа билээ.
Шинзо Абэ “Ерөнхийлөгч Дональд Трамптай хэлэлцээ хийх үеэр тэрбээр АНУ-ыг үргэлж 100 хувь Японы талд байна гэж мэдэгдсэн. Өдгөө ноён Трамп миний дэргэд зогсож байгаа нь үүний шууд баталгаа” хэмээн түрүүлж мэдэгдсэн байна. Харин пуужин хөөргөсөн явдлыг Шинзо Абэ “огт уучилж болшгүй үйлдэл” хэмээгээд БНАСАУ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн бүхий л тогтоолыг дагах үүрэгтэй хэмээн цохон тэмдэглэжээ. Японы Засгийн газрын тэргүүн түүнчлэн Трамптай хамт хоёр талт альянсыг бэхжүүлэхэд чиглэсэн нягт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхэд бэлэн гэжээ. Харин АНУ-ын Ерөнхийлөгч тун товчхон мэдэгдэл хийсэн байна. Тэрбээр “АНУ Япон улсыг дэмждэг, тэд бол 100 хувь агуу холбоотон гэдгийг бүгд ойлгоосой, мэдээсэй гэдгийг л би хүсч байна” гэжээ. Харин тэрбээр БНАСАУ баллистик пуужин хөөргөсөнтэй холбоотой сэтгүүлчдийн асуултад огт хариулсангүй.
ЯПОН УЛС НҮБ-Д НАЙДЛАГА ТАВЬЖ БАЙНА
Япон улсын Засгийн газар одоогоор НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс БНАСАУ-ыг пуужин хөөргөсөн үйлдэлд хатуу хариу барихыг хүлээж байна. “Хойд Солонгос пуужин хөөргөсөн нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн одоогийн тогтоолуудыг зөрчиж байгаа юм. Бид Аюулгүйн зөвлөлөөс энэ үйлдэлд хатуу хариу барих асуудалд анхаарч ажиллаж байна” хэмээн Японы Гадаад хэргийн сайд Фумио Кишид мэдэгджээ. Японы ГХЯ түүнчлэн АНУ, Өмнөд Солонгостой үүссэн асуудлаар мэдээлэл солилцох хамтын ажиллагаагаа идэвхжүүлжээ. Японы ГХЯ-наас Хятад дахь дипломат сувгаараа дамжуулан Хойд Солонгост эрс шийдэмгий эсэргүүцэл үзүүлэхээ амласан байна.
СОЛОНГОСЫН ХОЙГ ДАХЬ НӨХЦӨЛ БАЙДАЛ
Өнгөрсөн онд БНАСАУ хэд хэдэн пуужин хөөргөснөөс гадна хоёр удаа цөмийн туршилт хийсэн билээ. Үүнтэй холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс арваннэгдүгээр сарын 30-нд БНАСАУ цөмийн болон пуужингийн хөтөлбөр хэрэгжүүлж буйтай холбогдуулан тус улсад шинэ хориг арга хэмжээ авах тухай 2321 тоот тогтоолыг санал нэгтэйгээр баталсан.
АНУ-ын засаг захиргаа ч өнгөрсөн нэгдүгээр сард БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээний жагсаалтаа өргөжүүлж, тус улсын Хөдөлмөрийн яам, Төрийн төлөвлөгөөний хороо, түүнчлэн эрх бүхий долоон албан тушаалтан, Солонгосын Хөдөлмөрийн нам, Засгийн газрын гишүүдийг нэмж оруулсан билээ. Харин Пхеньян НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг хүлээн зөвшөөрөөгүй, Вашингтоноос дайсагнасан бодлого явуулж буй энэ үед тус улс батлан хамгаалах чадавхиа бэхжүүлэх бүрэн эрхтэй хэмээн мэдэгдсэн аж.