[starbox]
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп төрийн тэргүүнээр ажилласан долоон сарын хугацаандаа анх удаа ялтан өршөөл үзүүлжээ. Түүний уучлалыг хүртсэн хамгийн анхны азтай хүн харин хэн байсан бол? Энэ бол хууль бус цагаачидтай эвлэрдэггүй, саатуулагдсан этгээдүүдэд хатуу ханддагаараа алдартай шүүхийн албан тушаалтан Жо Арпайо юм. Тэрбээр 2012 онд Барак Обамагийн төрсний гэрчилгээг жинхэнэ эсэхэд эргэлзэж, түүнийг АНУ-ын Ерөнхийлөгчөөөр сонгогдох эрхтэй эсэхийг хөндөж тавьсан нэгэн аж. Арпайо ч Трампын уучлалд талархлаа илэрхийлж, өөрийнх нь эсрэг үүссэн хэргийг “Обамагийн засаг захиргааны үеийн Хууль зүйн яамны ажилтнуудын явуулсан улс төрийн шулмын ангуучлал” хэмээн нэрлэжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Аризона мужийн Марикоп тойргийн шүүхийн албан тушаалтан асан Жо Арпайод өршөөл үзүүллээ. Түүнд өршөөл үзүүлэх тухай тогтоол нь АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчийн долоон сарын ажлын хугацаан дахь анхны өршөөл юм. Трамп ийм шийдвэр гаргаснаа уламжлал ёсоор “Twitter” хуудсандаа ч мэдээлжээ.
“Би дөнгөж сая Америкийн эх оронч, 85 настай шүүхийн албан тушаалтан Жо Арпайод бүрэн өршөөл үзүүлснээ баяртайгаар мэдэгдэж байна. Тэр Аризонаг аюулгүй байдалд байлгаж ирсэн хүн” хэмээн бичсэн байна.
Өнгөрсөн долоодугаар сард Арпайог шүүгчтэй зүй зохисгүйгээр харьцсан хэмээн буруутгаж, аравдугаар сарын эхээр түүнд эцсийн шийтгэлийг оноох гэж байлаа. Ингэхдээ түүнд зургаан сарын хорих ял төлөвлөөд байсан юм. Шүүхийн албан тушаалтан Арпайо нь хууль бус цагаачид байж болзошгүй хэмээн сэжиглэж, ялангуяа латин америкчуудыг саатуулдгаараа алдартай. Гэхдээ түүнд ингэж ажиллах ямар нэгэн баталгаа, нотлох зүйл байдаггүй. Шүүхээс түүнийг ийм ажил хийхийг хориглосон ч Арпайо тоолгүй, хууль бус цагаачдын ангуучлалаа үргэлжлүүлсээр байжээ.
Өршөөл үзүүлэхэд хамгийн тохирох хүн
Ерөнхийлөгчийн зарлигийн тайлбар хэсэгт Арпайогийн ажил байдлын намтрыг хавсаргажээ. Тэрбээр армид алба хааж ирээд цагдаагийн газарт ажилд орж, дараа нь Холбооны мансууруулах бодистой тэмцэх товчоонд олон жил алба хаажээ. Ингээд 1992 онд Марикоп тойргийн шүүхийн албан тушаалтан болж, энэ албанд 1996, 2000, 2004, 2008, 2012 он гээд таван удаа дахин сонгогдсон байна.
“Шүүхийн албан тушаалтнаар ажиллах хугацаандаа Арпайо хүн амаа гэмт хэрэг, хууль бус цагаачлалаас хамгаалах зэрэг бүх насныхаа үйл хэргийг үргэлжлүүлсээр байсан юм. Өдгөө Жо Арпайо 85 настай. Тэрбээр 50 гаруй жил манай орны сайн сайхны төлөө бүхнээ зориулсан бөгөөд Ерөнхийлөгчийн өршөөлд хамгийн тохирох хүн мөн” хэмээн тэмдэглэжээ.
Арпайо ч Цагаан ордны эзний шийдвэрт талархлаа илэрхийлсэн байна. Түүгээр ч үл барам өөрийнх нь эсрэг үүсгэсэн хэрэг нь “Обамагийн засаг захиргааны үед байсан Хууль зүйн яамны ажилтнуудын явуулж байсан улс төрийн шулмын ангуучлал” гэж “Twitter” хуудсаараа дамжуулан мэдээлжээ. Арпайо “Би Ерөнхийлөгч Трампад маш их талархаж байна. Бас энэ толгойгоо мөрөн дээрээ байсан цагт Америкийг дахин агуу болгоход нь туслахаа тэсэн ядан хүлээж байна” хэмээн тэмдэглэжээ.
Хатуу, чанга, өвөрмөц хүн
Жо Арпайо нь Дональд Трампыг анхнаасаа дэмжигч бөгөөд Америктаа хууль бус цагаачлалтай тэмцэгч гэдгээрээ алдартай нэгэн юм. Мөн тэрбээр хоригдлуудад чанга, хатуу ханддаг гэдгээрээ олны танил болжээ. Шүүхийн албан тушаалтан Арпайод ирсэн гомдлын жагсаалтыг 2011 оны арванхоёрдугаар сард АНУ-ын Хууль зүйн яамнаас олонд танилцуулсан байна.
Тухайлбал, Арпайог ямар ч үндэслэлгүйгээр латин америкчуудыг зогсоож, саатуулдаг гэжээ. Үүнээс гадна түүний удирддаг хорих ангийн нөхцөл АНУ-ын засаг захиргааны анхаарал орсон аж. Учир нь тус хорихынхон хоригдлуудын олонх нь Латин Америк гаралтай, англи хэл мэдэхгүй байхад ч англиар команд өгдөг байсан гэнэ.
Тэр ч бүү хэл Арпайо болон түүний удирдлаган дор ажилладаг хүмүүс хоригдлуудын эсрэг хүч хэрэглэсэн байж болзошгүй гэсэн асуудал Хууль зүйн яамныхны санааг зовоосон байна. Гэхдээ энэ асуудлаар албан ёсны хэрэг үүсгээгүй юм.
/2008, 2010 онуудад Холбооны шүүхээс Марикопын тойргийн хорих ангийн нөхцөл хоригдлуудын Үндсэн хуулиар олгосон эрхийг зөрчиж байна гэж тогтоожээ/
Энэ бүхнээс гадна Арпайогийн ажилтнууд цагаачдын бага насны хүүхдүүдийг хүчирхийлсэн тохиолдол олон гарч байхад мөрдөн шалгахаас татгалзсан гэж буруутгажээ.
Арпайогийн хувьд өөрийгөө “Америкийн хамгийн мундаг шүүхийн албан тушаалтан” хэмээн нэрлэдэг бөгөөд хоригдлууд дундаа өвөрмөц арга хэмжээ үе үе зохион байгуулдаг байв. Тухайлбал, тэрбээр нэг удаа хууль зөрчигчийн хамгийн шилдэг зураг гэсэн тэмцээн хүртэл зохиож байлаа. Ингээд хоригдлуудын зургийг Марикопын хорихын сайтад хүртэл гаргаж байв.
Хэмнэлттэй, авхаалжтай нөхөр
Арпайо 1992 онд анх шүүхийн албан тушаалтан болмогцоо 2000 хоригдол буюу хоригдлуудынхаа 20 хувийг шоронгийн хашаан дахь майханд шилжүүлж оруулжээ. Мөн 2003 оны долоодугаар сард хоригдлууд хэт халуун байна гэсэн гомдол гаргахад (Цельсийн 43 орчим хэм халуун үед) Арпайо тэднийг амаа хамхихыг шаардаад Иракт алба хааж буй, ямар ч гэмт хэрэг хийгээгүй Америкийн цэргүүд хүртэл ийм халуунд сум нэвтэрдэггүй хантаазтай гүйж яваа гэжээ.
Түүнчлэн тэрбээр Марикопын тойргийн хорих ангийн төсвийг танаж, өдөрт хоёр л удаа хоол өгдөг болгосон төдийгүй шорон дотор тамхи татах, кофе уух, зурагт үзэхийг хориглосон байна. Мөн халбага, сэрээг богино иштэй, хуванцар болгож, энэ ажлаараа бахархаж байв.
Тэр ч бүү хэл хоригдлууд өөрсдөд нь олгодог цагаан өнгийн дотуур хувцаснаас хулгай хийдгийг мэдмэгцээ АНУ-ын гэмт хэргийн ертөнцөд гомосексуализмын өнгө гэгдэх ягаан өнгөөр бүгдийг нь будах даалгавар өгчээ.
Арпайо эмэгтэйчүүд, насанд хүрээгүйчүүд гээд хоригдлуудыг гудамж цэвэрлэх, хана будах зэрэг нийгэмд тустай хөдөлмөр хийлгэх туршлагыг нэвтрүүлсэн байна.
Ерөнхийлөгчийн төрсний гэрчилгээний хэрэг
Эдгээр этгээд санаачилгаас гадна Жо Арпайо 2012 онд доод албан тушаалтнууддаа АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обамагийн төрсний гэрчилгээг шалгах даалгавар өгч байжээ. Үүний дараахан тэрбээр Обамагийн төрсний гэрчилгээг хуурамч байж болзошгүй гэж мэдэгдсэн юм.
Арпайо “Цуглуулсан, судалсан нотолгоондоо үндэслэн эдгээр баримтуудыг хуурамч гэж би мэдэгдэж байна. Манай шинжээчид төрсний гэрчилгээний бүрэн эхийг цахим аргаар бэлтгэсэн, анхнаасаа л Цагаан ордны баталж байгаа шиг цаасан хэлбэр байгаагүй гэж таамаглаж байгаа” хэмээн 2012 оны гуравдугаар сард мэдэгджээ.
АНУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргаанаас энэ баримтыг 2011 оны дөрөвдүгээр сард гаргаж тавьсан юм. Учир нь Барак Обамаг АНУ-аас өөр улсад төрсөн байж болзошгүй, тиймээс Ерөнхийлөгчид сонгогдох эрхгүй гэж хүмүүс буруутгаж байсан билээ.
Эх сурвалж: RT