Хойд Солонгосын асуудал дахиад л түгшүүр төрүүлэв. Гэхдээ энэ удаагийн түгшүүр өмнөхөөс илүү аюултай түвшинд хүрсэн байна.
Хэд хоногийн өмнө Хойд Солонгос АНУ-ын эх газарт цохилт өгөх чадвартай пуужин амжилттай туршиж, хариуд нь АНУ-ын санаачлагаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөл тус улсын эсрэг хориг арга хэмжээний тогтоол батлав. Энэ үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгост хандан мэдэгдэл хийж, бөмбөг туршаад байвал та нар “дэлхийд урьд өмнө үзэгдээгүй гал ба хилэнтэй учрах болно” гэж сүрдүүллээ. Харин үүний хариуд Хойд Солонгос Номхон далайн Гуам арал дахь АНУ-ын цэргийн баазад пуужингийн цохилт өгнө гэж мэдэгдэв. Мэдээж АНУ энэ мэдэгдлийг зүгээр өнгөрөөхгүй.
Ингээд л Солонгосын хойгт мөргөлдөөн гарч мэдэх байдал үүслээ. Хэрэв АНУ ба түүний холбоотон Өмнөд Солонгос Хойд Солонгостой дайтвал юу болох вэ? Өнөөдөр цэрэг, эдийн засгийн хувьд АНУ шиг хүчирхэг улс байхгүй тул дайнд Хойд Солонгос ялагдана гэж ажиглагчид хэлж байна. Гэхдээ хэр их хохирол үзэж байж ялах вэ? Хойд Солонгос зүгээр ялагдахгүй.
Хойд Солонгос АНУ болон Өмнөд Солонгост хэр зэрэг хохирол учруулж чадах вэ гэдгийг шинжээчдийн мэдээлэлд үндэслэн гаргах юм бол бас л эвгүй дүр зураг харагдаж байна. Гурав, дөрвөн жилийн өмнө Хойд Солонгос 8 орчим цөмийн цэнэгт хошуутай гэж тооцдог байв. Гэтэл одоо АНУ-ын тагнуулын албаны тооцоолсноор, Умард Солонгос 60 хүртэлх тооны цөмийн зэвсэгтэй болоод байна. Хойдуудын цөмийн хүчин чадал маш их өссөн байгаа биз.
“Business Insider” цахим сонинд Умард Солонгос болон III Кимийн дэглэмд бодит аюул занал учирсан үед тус улс дайсан улсдаа асар их хохирол учруулах бүрэн чадвартай гэж мэдээлжээ. Тус сонинд бичсэнээр Умард Солонгос Өмнөд Солонгостой дайн хийх тохиолдолд өмнөд хөршдөө цөмийн болон хими, биологийн зэвсгийн нөөцөө хэрэглэж, асар их хохирол учруулах бүрэн чадвартайн дээр Умард Солонгост АНУ-ын Хавайн арлуудад цохилт өгч чадах тив алгасагч цөмийн хошуу тээгч пуужингууд байгаа.
Гэхдээ АНУ болон Хятад, Орос, Япон улсууд Хойд Солонгосын цөмийн пуужинг замд нь устгах агаарын довтолгооноос хамгаалах системтэй учир Умардын пуужингуудаас өөрийгөө хамгаалах чадвартай гэж үздэг ажээ. Харин Өмнөд Солонгосын хувьд асуудал нэлээд хүнд байна. Учир нь Өмнөд Солонгосын агаарын хамгаалалт дайсныхаа пуужинг агаарт амдан сөнөөж болох ч умард солонгосчууд өөрийн нутгаас Өмнөд Солонгосын нутгийг чиглүүлэн газар доогуур нууц нүхэн хонгилууд гаргасан байдаг бөгөөд тэдгээрийг ашиглан Өмнөд Солонгосын нутагт, тэр тусмаа нийслэл Сөүлд цөмийн бөгмбөг дэлбэлэх бүрэн боломжтой гэж Business Insider-т бичжээ.
Ш.Лантуу