АНУлс цэргийн хүчээрээ дэлхий дахины бүх улс үндэстнүүдэд дарамт шахалт үзүүлж заналхийлж байдаг гэдгийг бусад улс ард түмнүүдээс ялгаатай нь америкчууд өөрсдөө хүлээн зөвшөөрдөггүй – эсвэл хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй билээ.
Америкийн засгийн газар өөрийн хийж байгаа энэ бүх үйл хөдлөлүүдээ “чөлөөт” хэвлэл мэдээллээс хичээнгүйлэн “нууцалж байдгийн ачаар” цэргийн баазууд бүх дэлхий дахиныг хэрэн нөмөрсөн байгаа гэдгийг хүмүүс тэр болгон мэддэггүй юм. Антрактид тивийг оруулахгүйгээр, дэлхийн бүх тивүүдийг нөмрөн хэрсэн байгаа 1000 орчим Америкийн цэргийн байнгын баазууд бол өнөө үеийн эзэнт гүрний нэг шинэ хэлбэр буюу цэргийн баазууд дээр тогтнож байгаа эзэрхэг гүрэн гэсэн үг юм. Энэ цэргийн баазууд чухам хаана хаана байрладаг газарзүйг манай дунд их дээд сургуулиудад заагаад байдаггүй юм аа.
Дэлхийн бөмбөрцгийг бүхэлд нь хэрсэн Америкийн эдгээр цэргийн баазуудынх нь цар хэмжээ болон цаад зорилгуудыг нь ойлгохгүйгээр Америкийн эзэрхэг гүрний тэр далд амбицуудынх нь хамрах хүрээ ба мөн чанарыг нь ойлгох боломжгүй юм аа!
Мөн цэргийн хүчирхийллээр байнга заналхийлж, чөлөөт гэх мэдээллийн хэрэгслүүдийг байнга далдаас удирдаж цензурдэж байх гэсэн үзлийнх нь шинэ хандлага нь өөрөө Америкийн Үндсэн хуулийг бүрэн үгүйсгэж байгаа бөгөөд чухам энэ байдал нь түүний заалтуудыг хэрхэн зөрчиж байгаа тэр хэмжээнд нь энэ бүхнийг ойлгох боломжийг жирийн хүмүүст олгохгүй байгаа.
Америкийн энэхүү дайнч асар том цэргийн машинд одоо хагас сая гаруй хөлсний цэргүүд, тагнуулын болон техникийн ажилтнууд, цэргийн сургагчид, цэргийнхний гэр бүлүүд ба иргэний гэрээт ажиллагсад ажиллаж, дайнд үйлчилж байна.
Манай гаригийн тэнгис далайнуудад бүрэн ноёрхож давамгайлж байхын тулд америкчууд нисэх онгоц тээвэрлэгч аварга хөлгүүдээ тойруулан тэнгисийн цэргийн 13 армийг байгуулсан байдаг. Үүний зэрэгцээ Америкийн нутаг дэвсгэрээс олон мянган км-ийн алс хол байрладаг эдгээр олон тооны цэргийн нууц баазууд дээрээсээ дэлхийн бусад хүмүүсийг төдийгүй өөрсдийнхөө иргэдийг ч ялгаагүй хоорондоо чухам юу ярьж ямар утгатай е-майл захидал илгээж харьцаж байгааг хүртэл сэм далдаас чагнаж тагнаж байдаг.
Хилийн чанадад байрласан эдгээр цэргийн баазууд нь дэлхийн худалдаанд долларын эргэлтийг хангаж хамгаалж байдаг бөгөөд энэ байдал нь АНУлсын цэргийн аж үйлдвэрлэлийн болон санхүү эдийн засгийн бусад бүх салбаруудад асар их хэмжээний “зүгээр хоосон” орлогуудыг оруулж байдаг.
Америкийн зэвсэгт хүчинд зориулж элдэв зэвсэг техник зохион бүтээж үйлдвэрлэдэг Хьюстоны Халлибартон корпорацийн бүрэлдэхүүн болох Келлогг, Браун энд Рут компани зэрэг “батлан хамгаалахын” гэж нэрлэсэн салбаруудыг оруулахгүйгээр шүү дээ!
Ганц Халлибартон корпораци гэхэд л дэлхийгээр нэг тарааж байрлуулсан эдгээр цэргийн баазуудыг барьж байгуулах болон тэднийг бүх зүйлсээр хангаж байх гэрээ контрактуудыг байгуулж авсан байдаг. Эдгээр гэрээт компаниудын бас нэг зорилго нь бол энэ эзэрхэг гүрний цэргийн дүрэмт хувцсыг өмссөн албатуудыг сайн хооллож тэжээж, тэднийг тухтай байр саванд байрлуулж байх, мөн тэднийг элдэв зугаа цэнгэлүүд болон амралтаа өнгөрөөх, төсвийн дагуу боломжтой нөхцлүүдээр хангаж байх явдал юм.
Өнөөдөр Америкийн эдийн засгийн бүхэл бүтэн салбарууд цэргүүддээ зарж борлуулж байгаа барааны хэмжээнээсээ бүрэн хамааралд орчхоод байна. Жишээлбэл, Америкийн арми 2003 онд Ирак руу дайран орохын өмнөхөн, Цэргийн яам нь жигүүрт пуужингууд болон хэрэглэсэн ураны шавхруу хольцтой танк эсэргүүцэх сумнууд нэмж захиалж байхдаа бас Native Tan маркийн 273 000 ширхэг наран шарлагын тосон түрхлэгүүдийг хүртэл цэргүүддээ зориулж захиалж байсан юм. Энэ нь 1999 онд захиалж байсан хэмжээнээсээ 3 дахин их байсан ба энэхүү үрэлгэн байдал нь Оклахомын Тульсад байрлах Control Supply Company нийлүүлэгчийн болон Флоридын Дайтон Бичийн Sun Fun Products туслан гүйцэтгэгч компанийн орлогыг үлэмж нэмэгдүүлсэн нь ойлгомжтой.
Энэ эзэрхэг гүрний цэргийн баазуудын хэмжээ болон үнэ өртгийг нь яг таг тооцоолох тун амаргүй бөгөөд албан ёсны мэдээллүүд нь голдуу хуурамч байдаг бөгөөд хүмүүсийг мэхлэхийг оролдож байдаг. Жил бүр нэг тайлан илтгэл гаргадаг Америкийн Батлан хамгаалах яамнаас тайлагнаж байгаагаар бол, 2003 оны санхүүгийн жилд Пентагон хилийн чанадад дэлхийн 130 улс оронд ойролцоогоор 702 цэргийн бааз байгууламжуудыг эзэмшиж, эсвэл түр түрээсэлж байсан байна. Пентагоны түшмэдүүд тооцоолохдоо, зөвхөн дор хаяж хилийн чанадад байгаа цэргийн баазуудыг бүх зүйлээр хангахад хамгийн багадаа л 114,2 тэрбум доллар шаардлагатай байна гэж байсан нь мэдээжийн хэрэг ихэд дарсан тоо юм.
Гэсэн хэдий ч энэ тоо нь багадаад тэдэнд энэ бүх цэргийн баазуудаа шинэчлэн, бүүр нэмэгдүүлэхэд дор хаяж 59 1519,8 сая доллар хэрэгтэй ажээ. Гадаадад байрлаж байгаа эдгээр цэргийн баазуудад 253 288 цэргийн алба хаагч, дээр нь тийм хэмжээний тэдний гэр бүлийн гишүүд, Батлан хамгаалах яамны ажилтнууд, гадаадын 44 870 хүн хөлсөөр ажиллаж байна. Пентагоны мэдээлж байгаагаар, эдгээр цэргийн баазууд нь Америкийн өмч болох 44870 казарм, цэргийн ангарууд, эмнэлгийн болон бусад барилгуудыг эзэмшдэг ба мөн үүн дээр 4844 барилгыг нэмж түрээслэдэг байна.
Эдгээр тоо хэмжээнүүд нь үнэхээр асар их байгаа боловч яг үнэн хэрэг дээрээ бол үүндээ манай бөмбөрцөг дээрх Америкийн цэргийн бүх баазуудыг бүрэн оруулж тооцоогүй байгаа юм!
Тэдний энэ албан ёсны тайлан илтгэл дотор нь Косово, Афганистан, Ирак, Кувейт, Израил, Киргиз, Катар болон Узбекстанд байрладаг цэргийн баазуудынх нь талаар таг чиг орхисон байгаа. Гэвч өнөөдөр Америкийн цэргийнхэн Евразийн “тогтворгүй байдлын хөвч” гэж нэрлэсэн улсуудад асар том цэргийн баазуудаа байгуулсан байгаа билээ. Энэ бүхнийг 2001 оны 9-р сарын 11-нээр шалтаглаж 2,5-хан жилийн дотор байгуулж авсан юм шүү!
Дэлхийн II дайнаас хойших сүүлийн 70 жилийн турш бодит байдал дээр Америкийн колони хэвээр байсаар байгаа Японы хувьд Окинава арал дээрх Кэмп Батлер нэртэй цэргийн ганцхан баазыг л энэ тайланд дурдсан байгаа. Гэвч үнэн хэрэг дээрээ Окинава нэртэй энэ жижгэвтэр арал дээрх хоёр дахь том хотынх нь яг төвд оршин 1186 акр газар эзэлдэг Футенма зэрэг Америкийн 100 орчим цэргийн бааз Японы арал дээр байрладаг билээ. (жишээд үз дээ – Нью-Йоркийн Манхэттэний Төв Парк гэхэд 843 акр талбай эзэлдэг гээд) Мөн Пентагон бас Британийн цэргийн нисэх хүчин гэсэн нэрэн доор аль эртнээс хойш нуун далдлагдсаар ирсэн, нийт 5 тэрбум долларын өртөгтэй цэргийн болон тагнуулын тоног төхөөрөмжүүдээ энэ тайландаа тусгаагүй, тоочоогүй байгаа юм.
Хэрэв энэ тооллого нь үнэн зөв, шударга байсансан бол Америкийн дайнч энэ эзэрхэг гүрний жинхэнэ цар хэмжээ нь бусад улс ард түмнүүдийн нутаг дэвсгэр дээр байрлуулсан байгаа цэргийн зориулалттай янз бүрийн 1000 баазуудаас нь ч олон байх байсан юм. Гэвч хэн ч, магадгүй Пентагон өөрөө ч сүүлийн жилүүдэд энэ бүхэн огцом өссөн болохоор тэдгээрийнхээ тоог яв цав “мэддэггүй” биз ээ!
Эдгээр цэргийн баазууд нь Холливудын кино, хөгжилтэй тоглоомуудтай паркууд шиг дэлхийн олон нийтэд гэм зэмгүй санагдаж байхад зориулж Пентагон боломжтой бүхнийг хийж байдаг юм аа. Жишээлбэл, саяхан “Вашингтон пост” сонинд өгүүлснээр, Иракийн Багдад хотоос баруун тийш орших Фаллуджа хотод Америкийн 82-р агаарын дивизийн хүчитгэн хамгаалсан штабын байран дотор Америкийн офицеруудад хар өмд, цагаан цамц өмссөн үйлчлэгчид хаад ноёдод лугаа адил оройн хоол зөөж байдаг (төсвийн хөрөнгөөр шүү!) гэж бичсэн ба мөн Иракийн Багдадын нисэх буудал дээр байрласан Америкийн цэргийн асар том бааз дотор анхны “Бургер Кинг” рестораныг байгуулсан гэж бичиж байна.
Америкийн зарим цэргийн баазууд нь үнэхээр асар их том учраас дотор талд нь 9 чиглэлийн автобусууд хүртэл үйлчилж, хөлсний цэргүүд болон гэрээт албан хаагчдыг ажилд нь хүргэж өгдөг юм. Жишээлбэл, тэнгисийн явган цэргийн 4-р дивизийн 3-р бригадын штаб байр бүхий “Аварга могойн лагерь” нэртэй цэргийн баазаар одоо 1500 хавтгай км газар дээр харгис цагдаагийн үүрэг гүйцэтгүүлж байна. Тэнд аажмаар, нийтдээ 20 000 цэргүүд байрласан байх ажээ.
Америкийн цэргийнхэн ер нь гадна талаасаа бол Библийн сүсэгтнүүдийн жижигхээн хотуудыг санагдуулам тийм тансаг баазуудыг барьж босгохыг илүүд үздэг. Тэнд манай эдгээр “дайны шашныг номлогчид” орон нутгийн хүмүүсээс нь тусдаа дэлгүүр хоршоотой, бүх зүйлээ агаарын тээврийн онгоцоор зөөлгөж хангасан нөхцөлд амьдардаг бөгөөд Америкийн генерал, адмиралууд бүгд 71 Lear Jet маягийн люкс нисэх онгоцууд хөлөглөж, Баварийн Альпад байрлах Америкийн цэргийн цанын бааздаа гулгаж эсвэл дэлхийгээр нэг байрлах Пентагоны албан тушаалтнуудад зориулсан гольфын талбайнууд дээр очиж тоглож байдаг. Одоо Батлан хамгаалах яамны сайд Рамсфельд нь гэхэд л хувьдаа бүхэл бүтэн Боинг 757 хөлөглөн нисэж байгаа…
Дэлхийн ард түмнүүд болон газар нутгуудад өөрсдийн “гүн шарх дардсаа үлдээх” гэдэг танхай балмад үг хэллэг бол Америкийн өнөөгийн эзэрхэг гүрний түрэмгий дайнч бодлогыг илэрхийлдэг нэг гол уриа, үг хэллэг нь болсон юм. Одоо генерал Ричард Майерс, Дайан Гейнштейн мэтийн Сенатын дэргэдэх Цэрэг дайны байнгын дэд хорооны гишүүд дээрх уриа үгийг хэрэглэхгүйгээр ганц ч өгүүлбэр хэлж чадахаа больсон бололтой.
2001/9/11-ээр шалтаглан, мөн Саддам Хусейныг химийн зэвсэгтэй гэж НҮБ-д худлаа ярьж байгаад Иракийг эзлэн авахын өмнөхөн – Америкийн эзэрхэг гүрний цэргийн баазуудыг өргөтгөх, мөн цэргийн баазуудыг хилийн чанадад шилжүүлэн байршуулахыг зөвтгөж байсан тэдний тэр бүх үглэлүүдийн нэг хэсэг нь чухамдаа Иракийн ард түмэнд энэхүү “тамгаа дарж гүн шарх сорви үлдээх” гэгч номлол нь байсан билээ. Энэхүү дайны төслийг нь хариуцаж байсан хүн бол Цэргийн яамны сайдын орлогч Энди Хунн гэгч байсан ба түүнд ерөнхийлөгч Буш Ирак мэтийн Ойрх Дорнодын улсуудыг “дээрэмч-улсууд”, “муу залуус” ба “хорлонгийн тэнхлэг” гэж нэрлэн энэ улсуудын эсрэг “өрсөж цохилт хийх” гэгч, үнэндээ бол эзлэн түрэмгийлэн дайнаа хийхийг даалгасан байсан юм.
Тэр үеэс л эхлэн Пентагон Латин Америкийн Андын нуруунаас эхлэн Хойд Африкийг дайруулан бүүр Ойрх Дорнодыг оруулан Филиппин, Индонез хүртэл эдгээр бүс нутгуудыг “тогтворгүй байдлын хагас дугуй” гэж нэрлэж эхэлсэн юм. Энэ бүс нутгууд бол хэрэв сайн ажиглавал урьд өмнө нь Гуравдахь ертөнц гэж нэрлэж байсан тэр улс орнууд ба тэнд манай гаригийн газрын тосны үндсэн гол нөөцүүд байгаа нь тэдний энэ бүх үглэлийг нь тайлбарлаж байгаа билээ…
Урьд өмнөх түүхийн турш эзэрхэг гүрний үзлийг тухайн гүрэн алс холд хичнээн олон тооны колони улсуудтайгаар нь үнэлж дүгнэдэг байсан бол, өнөөгийн Америкийн колониуд нь тэдний цэргийн баазууд байрлаж байгаа бүх улс орнууд болсон ба өнөөгийн энэ эзэрхэг гүрэн чухамдаа эдгээр цэргийн баазууд дээрээ тогтнож байгаа юм! Америкийн цэргийн баазууд дэлхийн бөмбөрцгийн хаана хаана шинээр гарч ирж байгуулагдаж байгааг анхааралтай ажиглан судлах юм бол энэ эзэрхэг гүрний тухай, түүний дайнч түрэмгий бодлогын тухай олон зүйлийг олж харж ойлгож ухаарч болохсон билээ.
Цэргийн аж үйлдвэрлэл – төрийн дайнч бодлого ба эзэрхэг гүрэн хоёр бол хүйн холбоотой сиамын ихрүүд гэсэн үг юм. Энэ хоёр нэг нь нөгөөгөө тэжээж тэтгэж байдаг. АНУ-д хангалттай өндөр хэмжээнд хөгжсөн энэ хоёр ихэр одоо чанарын шинэ үсрэлт хийхийн яг өмнөхөн байгаа ба энэ нь Америкийн цэргийн энэ хүч чадлыг дэлхийгээр нэг тараан цацаж, эцэст нь дэлхий дахинд цэргийн хяналт тавьж чадахгүйд хүргэх бөгөөд энэ нь эргээд АНУлсын өнөөгийн баян тансаг амьдралын хамгийн гол үндэс тулгуур – тэдний хэвлэдэг эрээн цаас – долларт, мөн “ардчилал” гэдэг брэндийн барааны борлуулалтанд ч үхлийн цохилт өгөх нь эргэлзээгүй!
Тэнгисийн явган цэргийн бригадын генерал Мартин Робсон хэлэхдээ АНУ “өрсөж цохилт хийх” дайн явуулж байхын тулд дэлхийн өнцөг булан бүрт цэргийн хяналтаа тогтоох ёстой гэж мэдэгдэж байгаа ба тэрбээр үүгээрээ Америкийн өсгий доор хараахан ороогүй аливаа улс үндэстний дээр жанжлах боломжийг булаан авахыгаа хэлж байгаа нь тэр юм…
Колин Пауэллийн “Америкийн цэргийн баазуудын гэр бүл” гэж өхөөрдөн нэрлэж, цэргийн баазуудаа байршуулах ёстой гэж байсан улсуудын дотор Дорнод Европын “ардчилаад” ядуурч туйлдсан Румын, Польш, Болгар; Ази тивд – Пакистан /тэнд аль эрт 4 бааз байрласан/, Энэтхэг, Австрали, Сингапур, Малайз, Филиппин, бас санаанд багтамгүй Вьетнам; Хойд Африкт – Марокко, Тунис, нэн ялангуяа Алжир /1992 онд АНУлс болон Францын дэмжлэгтэйгээр Алжирын засгийн эрхийг нь булаан авсан цэргийнхэн нь Америкийн цэргийн бааз байгуулахыг эсэргүүцсэн 100 000 иргэдийг нь зэрлэгээр алж хөнөөсөн билээ/, Баруун Африкт – Сенегал, Мали, Гана болон Сьерра Леоне (тэнд 1991 оноос хойш иргэний дайн үргэлжилсээр байгаа!) багтаж байгаа.
Пентагоны эх үүсвэрүүдийн баталж байгаагаар, энэ бүх цэргийн баазуудын ерөнхий загвар нь сүүлийн 20 гаруй жилийн туршид Персийн булангийн Бахрейн, Кувейт, Катар, Оман, АНЭмират зэрэг ардчиллын ямар ч үнэр байхгүй хэдий ч “сайн түнш хөрш” улсуудад байгуулагдсан Америкийн цэргийн баазууд шиг байх ажээ. Эдгээр баазуудыг америк цэргийнхэн “домбоны навчис” гэж нэрлэдэг бөгөөд шаардлагатай тохиолдолд эдгээр улс руу сайн зэвсэглэсэн “мэлхийнүүдээ” АНУлсын нутаг дэвсгэр дээрээс төдийгүй НАТО-гийн бусад баазуудаас, мөн дуулгавартай дагуул улс нь болох Япон, мөн Британи дахь баазуудыг шилжүүлэн хаяж чадна гэж тэд үзэж байна.
Цэргийн баазуудаа ингэж томруулж өргөтгөх зардлуудаа зөвтгөхийн тулд Пентагон одооноос хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр элдэв цуу яриа зориуд маш ихээр тарааж байгаа. Жишээлбэл, ЗХУлс тэргүүтэй социалист улсуудад бид Хүйтэн дайн зарласан /1946 оноос/ цагаас хойш Германд, Өмнөд Солонгост /1951 оноос/, Японы Окинава /1945 оноос/-д байрлаж байгаа асар том цэргийн баазуудаа татан буулгах гэж байгаа мэт худал цуурхал тарааж байна.
Иракийг эзлэн авсныхаа дараа энэ дайныг дэмжихгүй байсных нь төлөө шийтгэл болгож Пентагон Саудын Аравиас болон Туркээс зарим цэргийн баазуудаа гаргаж Ирак руу аваачсан юм. Үүний нэгэн адил өнөөдөр манай гариг дээрх хамгийн их Америкийн эсрэг үзэлтэй ардчилсан улс болох Өмнөд Солонгосоос /энэ улсыг өөрийн гэх армигүй шахуу болгосон байгаа/ цэргийн зарим баазуудаа гаргахаар төлөвлөж байна. Мөн Европын Румын, Герман зэрэг улсуудаас зарим цэргийн баазуудаа өөр улсууд руу шилжүүлэн байрлуулахаар төлөвлөж байна. Гэвч Европ тивийг атгандаа барьж байхын тулд. хамгийн гол улс-Германыг дуулгавартай байлгаж байгаа тэндэх асар том цэргийн баазуудынхаа 80% -ийг нь үлдээж байгаа аж.
Яагаад Пентагон ХБНГУлс болон Өмнөд Солонгос зэрэг баян чинээлэг улсуудаас зарим цэргийн баазуудаа гаргаж тэдгээрээ цэргийн дарангуйлал ноёрхсон, эсвэл Америкаас бүрэн хараат ядуу буурай улсууд руу шилжүүлж байгаа вэ? Үүний гол шалтгаан бол Пентагоны нэрлэж байгаагаар “хүрээлэн байгаа байгаль орчны сулруулсан хууль тогтоомжтой” улсуудын давуу тал гэгч бөгөөд мөн “эдгээр улс орнуудын засгийн газрууд нь Америкийн явуулж байгаа бодлогыг үг дуугүй дэмждэг”-т байгаа юм. Гэвч энэ бол хагас үнэн, чин үнэний өчүүхэн хэсэг нь юм…
Үүнээс гадна Пентагон Америкийн цэргийн баазуудаа байрлуулж байгаа бүх улс орнуудад “Зэвсэгт хүчний тухай Гэрээний онцгой Статус” гэгч эзэрхэг гүрний гэрээгээ хүчээр тулган хүлээлгэдэг бөгөөд энэ нь дор хаяж АНУлсыг бохирлосон нутаг дэвсгэрээ цэвэрлэх үүрэг хариуцлагуудаас буюу байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжуудыг нь зөрчсөний төлөөх нөхөн төлбөрүүдээс чөлөөлдөг юм …
Энэ бүх цэргийн баазууд нь юуны тулд вэ? Дэлхийн бүх улс орнуудыг ардчилчих юм бол дэлхий дахин бумбын орон болно гээд байгаагүйсэн бил үү…?!
Судлаач Х.Болорболд