[starbox]
“CyberKeel”-ийн кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүд саяхан далайн тээврийн нэгэн жижиг компанийг шалгаж байгаад дуулиан тарьсан нээлт хийжээ- “CyberKeel” компанийн хамтран эзэмшигч Ларс Йенсен “Хэн нэгэн компьютерийн системийг эвдэж, вирусээр халдварлуулжээ.
Гэмт этгээдүүд эндээс санхүүгийн хүмүүсийн бичсэн бүх баримтыг олж авч байсан байна” гэж мэдэгджээ. Нийлүүлэгчид түлшнийхээ тооцоог гаргаж компани руу илгээхэд уг вирус нь банкны дансыг өөрчлөх замаар төлбөрүүд нь хакеруудад шилждэг байв. Энэ маягаар компанийг анзаарах хүртэл хэдэн сая ам.доллар бусдын дансанд орсон гэж Йенсен хэлсэн байна. Шинжээчдийн ярьж буйгаар тэнгисийн хөлөг онгоцны компьютерийн систем рүү халдах нь илүү нарийн болсон нь дэлхийн худалдаанд цохилт өгөх төдийгүй худалдааны флотод ч хохирол учруулах үр дагавартай гэнэ. Кибер далайн дээрэмчид хөлөг онгоцонд хяналт тогтоогоод зогсохгүй, замыг нь өөрчилж, хооронд нь мөргөлдүүлэх ч чадвартай аж.
Түгшүүрийн дохио Өнгөрсөн зургаадугаар сард тэнгисийн ачаа тээврийн хөлөг онгоцны салбар NotPetya вируст өртсөнөөс болж Украин хүнд цохилтод орсон билээ. Гэхдээ бусад улс ч энэ цохилтод тодорхой хэмжээгээр өртсөн. Энэ долоо хоногт Данийн “Maersk” хэмээх ачаа тээврийн хөлөг онгоцны аварга компани вирусээс болж 300 сая ам.долларын алдагдал нь сох дутаж байна гэж мэдэгдсэн билээ. Ларс Йенсений хувьд хакерууд далай, тэнгисийн ачаа тээвэрлэгчдэд заналхийлж байгаа гэдэгт аль эртнээс итгэлтэй байсан аж. Гурван жилийн өмнө тэрбээр “CyberKeel” компаниа байгуулж, Данийн армийн дэслэгч асан Мортен Шенктэй бизнес түнш болжээ.
Мортен Шенкийн хувьд хүсвэл бараг бүгдийг эвдэх чадвартай нөхдийн нэг гэнэ. Тэд тээвэрлэгч компаниудын компьютерийн системийг шалгаж өгөх санал тавьдаг ч ажил нь төдийлөн бүтэмжтэй биш байсан гэнэ. “Тэд “Баярлалаа, хэрэггүй ээ. Цагийг дэмий өнгөрөөж яах вэ. Манай хамгаалалт муу биш” гэсэн байдаг л нэгэн хариулт өгдөг” гэжээ. Тэгвэл одоо бүх зүйл өөр болжээ. “Maersk”-ийнхныг боомтын терминалуудаа түр хаахад хүргэсэн “NotPetya” халдлагын дараа тээврийн компаниуд цифрэн ертөнц бодитоор ямар аюул учруулдгийг өөрсдийн биеэр мэдэрсэн гэнэ. Хакерууд компьютерийн системийг нь эвдэх замаар худалдааны хувьд маш чухал мэдээллийг олж авдаг байна.
Саяхан л гэхэд далайн дээрэмчид маш нарийн төлөвлөгөөтэйгөөр усан онгоцонд халджээ. “Тэд хөлөг онгоцон дээр гарч ирмэгцээ өөрсдийн сонирхож буй үнэт зүйлстэй хайрцгийг кодоор нь хөөж олоод шууд нээж үзсэн. Үүнийхээ дараа өөр таагүй асуудал үүсгэхгүйгээр алга болсон” хэмээн “Verizon” харилцаа холбооны компанийн кибер аюулгүй байдлын хэлтсийнхэн ярьсан байна. Гэхдээ зөвхөн ачаа тээврийн компанийн эзэмшигчид л хохирол амсдаггүй. Учир нь ачаа тээврийн болон зорчигч тээврийн хөлөг онгоцны удирдлага бүгд компьютержсэн байдаг аж. “NotPetya”-тай төстэй вирусууд нэг компьютерээс нөгөө рүү тархаж, хөлөг онгоцны сүлжээнд холбогдсон бүх зүйлд нөлөөлөх чадвартай аж. “Жишээлбэл, мөнгө угаагч вирусээс болж контейнер өргөгчний цахилгаан дамжуулалтын гол щит нь ажиллагаагүй болсон тохиолдол бий. Үүнээс болж хөлөг онгоц Азийн нэгэн боомтод удаан хугацаагаар саатахаас өөр аргагүй болсон” хэмээн DNV GL зөвлөх компанийн ажилтан Патрик Росси ярьжээ. Алсын зайн булаан эзлэлт Хакеруудын довтолгоонд навигацийн систем ч өртдөг. Жишээлбэл,Азийн нэгэн боомтод 80 мянган тонн усны багтаамжтай зөөвөрлөгч танкерт ийм явдал болжээ. Багийн нэг гишүүн нь вирусээр халдварласан USB флэш дисктэй баримтыг хөлгийн компьютерийн систем рүү нь хийсэн байна.
Ингээд өөр нэг гишүүн нь тэнгист гарахаасаа өмнө USB боомтын картаа шинэчилтэл вирус Ecdis навигацийн системд нь халдварлажээ. Ингээд аяллыг түр цуцлахаас өөр аргагүй болсон байна. Ийм явдал тээврийн флотод асар их хохирол авч ирдэг юм. Гэхдээ хакерууд хөлөг онгоцны удирдлагын системд халдах буюу ажиллагаагүй болговол үүнээс ч ноцтой юм болно. Тэгвэл ийм зүйл болох боломжтой юу? Гэмт этгээдүүд энэ замаар усан онгоцнуудыг мөргөлдүүлэх чадвартай юу? “Үүнд эргэлзэх явдалгүй” хэмээн Сондерс өгүүлж байна.
Онолын хувьд хөлөг онгоцны байрлалыг нуухын тулд координатыг нь өөрчлөх бүрэн боломжтой аж. Саяхан л гэхэд АНУ-ын “Жон Маккейн” эскадрын мина зөөгч онгоц Малаккийн буланд Либерийн далбаатай нефть зөөвөрлөгчтэй мөргөлдөж, таван далайчин бэртэж, 10 нь сураггүй алга болсон хэрэг гарсан билээ. Эл үйл явдалтай холбогдуулан АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний тэнгисийн ажиллагааны тэргүүн, адмирал Жон Ричардсон ослын шалтгааныг хакеруудын кибер халдлагаас болсон байхыг үгүйсгээгүй юм.
Эндээс нэг л зүйл тодорхой харагдаж байна. Энэ бол бусад салбарын адил худалдааны флот ч бодит зүйлд дасан зохицохоос өөр аргагүй болжээ. Балтийн болон олон улсын тэнгисийн зөвлөл, Олон улсын тэнгисийн байгууллагаас саяхан хөлөг онгоц эзэмшигчдэд хакеруудаас хамгаалах зөвлөмж гаргасан байна. Гэхдээ энэ бол тийм ч амар ажил бус юм. Учир нь дэлхий дээр 51 мянга гаруй худалдааны хөлөг онгоц үйл ажиллагаа явуулдаг бөгөөд багийн гишүүд нь байнга солигддог. Үүнээс гадна усан тээврийн халдлага хохирол амсах нь илүү аюултай. Тэгээд ч дэлхийн нийт худалдааны 90 гаруй хувь нь усан тээврээр дамждаг билээ.