АНУ-ын Конгрессын гишүүн Ллойд Доггет өчигдөр Жо Байденд ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанаас нэрээ татахыг уриалжээ.
Ингэснээр тэр Төлөөлөгчдийн танхим дахь Ардчилсан Намын гишүүдээс ийм уриалга гаргасан анхны хүн болж байна.
Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт Байден, Трамп нарын анхны мэтгэлцээн телевизээр цацагдсан юм. Энэ үеэр 81 настай Байдены гаргасан үйлдэл, биеэ авч явах байдал түүнийг хоёр дахь удаагаа ерөнхийлөгчөөр ажиллахад хэцүү болсныг харуулсан.
Техас мужийг Конгресст төлөөлдөг Доггет өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Байдены хийсэн “өөрчлөлт”-ийг магтсан ч арваннэгдүгээр сарын 5-нд болох сонгуульд Бүгд Найрамдах Намаас нэр дэвшигч Дональд Трамптай өрсөлдөх боломжийг намынхаа өөр гишүүнд олгох цаг болсныг хэлжээ.
“Трампаас ялгаатай нь ерөнхийлөгч Байдены хувьд өөрийн эрх ашгаас улс орны эрх ашгийг дээгүүр тавьдаг хүн. Тиймээс тэр нэрээ татах хүнд хэцүү шийдвэрийг гаргана гэдэгт би найдаж байна. Би түүнд ийм алхам хийхийг хүндэтгэлтэйгээр уриалж байна” гэж мэдэгджээ.
Байдены сонгуулийн штаб энэхүү уриалгад ямар нэг хариу өгөөгүй байна.
Пүрэв гарагийн мэтгэлцээнээс хойш тэд ерөнхийлөгч Байдены өндөр нас хоёр дахь бүрэн эрхийн хугацаагаа хэрэгжүүлэхэд саад болохгүй гэсэн ухуулгыг байнга явуулж байгаа.
Өчигдөр Байден хэвлэлд ярихдаа дэлхийг тойрсон урт аяллын үед үүссэн цагийн зөрүүгээс үүдэлтэй ядаргаа мэтгэлцээний үр дүнд нөлөөлсөн гэж тайлбарлажээ.
“Би хангалттай ухаалаг байж чадсангүй. Дэлхий тойрсон хоёр ч аялал хийх шийдвэр гаргасан маань буруу боллоо” гэж тэр AFP агентлагийн сэтгүүлчтэй ярилцахдаа хэлсэн байна.
Ажилтнуудынхаа үгэнд оролгүй урт аялалд яваад ирсэн тул мэтгэлцээний үеэр индэр дээр зүүрмэглэж байснаа Байден энэ үеэр ярьсан юм.
Мэтгэлцээний дараа Ардчилсан Намын лидерүүд Жо Байденыг сунгаанаас гаргах бодолгүй байгаагаа ээлж дараалан илэрхийлцгээж байв.
Харин Доггетын уриалгын дараа тус намын зарим төлөөлөгчид нэрээ татах боломжийг үгүйсгэхгүй байгаагаа мэдэгдэцгээжээ.
Тухайлбал Конгресс дахь Иллинойс мужийн төлөөлөгч Майк Кигли өчигдөр CNN сувгаар ярихдаа “Тэр өөрийгөө хуурах ёсгүй. Энэ бол түүний шийдвэр. Зөвхөн намын сунгаанд биш, цаашлаад арваннэгдүгээр сарын сонгуульд түүний шийдвэр нөлөөлөхийг үнэлж цэгнээсэй гэж би хүсэж байна” гэсэн юм.
Ирэх сонгуулиар Ардчилсан Намынхан ерөнхийлөгчийн суудлыг аваад зогсохгүй Конгрессын Сенатын танхим дахь 51:49 суудлын харьцаатай сулхан олонхын статусаа бэхжүүлэхийг хүсэж байгаа.
Тиймээс Байденыг хэн нэгнээр орлуулах нь маш өндөр эрсдэл юм.
“Ерөнхийлөгч Байден гол мужуудад илт урагшилж, ихэнх санал асуулгаар Дональд Трампыг ардаа орхисон. Мэтгэлцээн үүнийг илүү эрчимжүүлнэ гэж би найдаж байсан. Гэтэл тэгсэнгүй” гэж Доггет өчигдөр мэдэгджээ.
Доггетын уриалгын дараа Ардчилсан Намын зарим лидерүүд сэтгэцийн эрүүл мэндийнхээ талаар илүү нээлттэй байхыг Байденд уриалсан байна.
Тухайлбал Төлөөлөгчдийн танхимын спикер асан Нэнси Пелоси мэтгэлцээний үеэр үзүүлсэн сул байдал нь “нэг удаагийн хямрал” уу, эсвэл “илүү ноцтой асуудлын илрэл” үү гэдгээ ил тод хэлэх ёстой гэж мэдэгджээ.
Мэргэжилтнүүдийн ажиглалтаар Байдены эрүүл мэндийн байдал сүүлийн нэг жилийн хугацаанд мэдэгдэхүйц муудсан гэдэг.
Тэрбээр олон нийтийн арга хэмжээний үеэр хэд хэдэн удаа тэнцвэр алдан унаж, онгоцныхоо урт шатны оронд илүү богино, тогтвортой шат ашиглах болсон.
Байден бас ойрын зайд алхахдаа, тухайлбал Цагаан ордноос нисдэг тэрэг рүү алхахдаа хүртэл туслахуудаараа хүрээлүүлдэг болжээ.
Тэрбээр 2022 оны нэгдүгээр сараас хойш урт удаан үргэлжилсэн хэвлэлийн хуралд ороогүй байна. Мөн албан ёсны хуваарьгүй ч бараг бүх амралтын өдрүүдийг Делавар муж дахь гэртээ өнгөрүүлдэг болжээ.
Саяхан тэр Холбоотнуудын цэрэг Европт газардсан түүхэн үйл явдлын 80 жилийн ойд оролцохоор Франц улсад очихдоо нисэх онгоцны буудлаас шууд зочид буудал руу явж, тэндээ бүтэн өдөр бүгж, олны өмнө ил гараагүй юм.
Эх сурвалж: Reuters