Өчигдөр буюу Мягмар гарагт Энэтхэг улсын хойд бүс нутагт болсон шашны арга хэмжээний үеэр олон хүн бөөгнөрч, шахцалдсаны улмаас 116 хүн бусдын хөлд гишгэгдэн амиа алджээ.
Уттар Прадеш мужийн Хатрас дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулагдсан Хинду шашны “сацан” гэгддэг арга хэмжээний үеэр ийм осол гарсан байна.
Хохирогсдын дотор олон тооны эмэгтэйчүүд, бас цөөн хүүхэд байжээ.
Арга хэмжээнээс тарсан хүмүүс гэнэтийн хүчтэй борооноос зугтан хэт нарийн гарцаар гарах гэж яарсан нь ийм эмгэнэлд хүргэсэн тухай гэрчүүд мэдээлсэн байна.
Олны хөлд гишгэгдэж амиа алдсан хүмүүсийн цогцсыг таниулахад нэлээд хугацаа орохоор байгааг орон нутгийн албаныхан мэдэгджээ.
Энэтхэгт шашны арга хэмжээнд хэт олон хүн давчуу орон зайд цугларснаас ийм осол эндэгдэл үе үе гардаг.
2018 онд Хинду шашны наадмыг үзэж байсан хүмүүсийг замаасаа гарсан галт тэрэг дайрснаас 60 орчим хүн амь үрэгдэж байв.
2013 онд төв бүсийн Мадхя Прадеш мужид болсон Хинду шашны баярын үеэр хэт шахцалдааны улмаас 115 хүн амиа алдаж байжээ.
Эх сурвалж: BBC