Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XX хуралдаан өнөөдөр /2024.06.13/ боллоо. Хуралдааны эхэнд Үер, усны гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх танилцуулга мэдээллийг хийлээ. Мэдээллийг Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг хийсэн юм.
Улаанбаатар хотын үерийн эрсдэлийн үнэлгээгээр Улаанбаатарт 1996 оны үертэй дүйцэх хэмжээний үер тохиолдоход Туул гол орчмын 3200 га суурьшлын бүсээс эхлээд Төмөр зам, Дунд гол, ТЭЦ-4, Төв цэвэрлэх байгууламж усанд автах магадлалтай аж.
Өнөөдрийн байдлаар зургаан байршилд борооны усны шугам, үерийн далангийн засварыг хийсэн. Нийслэл хотыг үер, усны гамшгаас эрсдэлгүй байлгах барилга байгууламжийг бүрэн бий болгоход нийт 4.9 их наяд төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарчээ. Мөн Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга нийслэл үерийн эрсдэлийн шар түвшинд ажиллаж байгааг танилцуулсан.
Төлөөлөгчдийн хувьд үер, усны гамшгийн гамшгаас сэргийлэх төсвийг нэмэх шаардлагатайг сануулав. Тухайлбал, энэ чиглэлд 2024 оны төсөвт 18.5 тэрбум төгрөгийг баталж байсан ч тодотголын төслийг боловсруулахдаа үер, усны гамшгаас сэргийлэх чиглэлд зрацуулах санхүүжилтийг 6 тэрбумаар бууруулсан байгааг хэллээ. Мөн өнгөрсөн зуны үерийн улмаас хохирсон айл өрх, ААН-үүдийн асуудлыг ч хөндөж байв.