Улсын хэмжээнд энэ оны тавдугаар сард зөрчлийн хэргийн гаралт 7.3 хувиар буурсныг Улсын Ерөнхий Прокурорын Газар (УЕПГ)-аас мэдээллээ.
Тодруулбал өнгөрсөн сард 252,529 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн байна. Үүнээс
- Нийслэлд 66.5 хувь
- Орон нутагт 33.5 хувь нь бүртгэгджээ.
Дээрх хугацаанд 246,126 хүн, 899 хуулийн этгээд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгүүлсэн байна. Дөрөвдүгээр сартай харьцуулахад шийтгэл оногдуулсан хүн 7.2 хувиар буурч, хуулийн этгээд 3.8 хувиар өсжээ.
Зөрчил үйлдсэн хүмүүсийн 76.4 хувь нь эрэгтэй, 23.6 хувь нь эмэгтэйчүүд байгаа бол дийлэнх буюу 63.3 хувь нь 26-45 насныхан байна.
Зөрчлийн хэргийн улмаас хүн, хуулийн этгээд, төр, нийтийн ашиг сонирхолд 5.5 тэрбум төгрөгийн хохирол учирч, 2.9 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлжээ.
Тавдугаар сард
- Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 33.7 хувь
- Хулгайлах зөрчил 22.2 хувь
- Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 11.6 хувиар буурсан байна.
Харин жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан зөрчил 19.3 хувиар, Согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 8.4 хувиар, Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, нус, цэр, тамхины иш, хог хаясан зөрчил 8.3 хувиар, Танхайрах зөрчил 2.1 хувиар тус тус өссөнийг мэдээлэв.