ОХУ-ын Бүгд Найрамдах Саха улсын эрх баригчид үерийн гамшигтай холбогдуулан энэ долоо хоногоос эхлэн онц байдал зарлажээ.
Өнгөрсөн долоо хоногоос эхлэн мөсний түгжрэл усны урсгалыг боосонтой холбоотойгоор Лена мөрөн үерлэсэн байна.
Үүний улмаас 4,294 км урт үргэлжилдэг мөрний сав дагуу 450 орчим айлын орон сууц, 550 гаруй тариалангийн эдэлбэр газар усанд автсан тухай ОХУ-ын онцгой байдлын яам Мягмар гарагт мэдээлжээ.
Нийтдээ 300 гаруй иргэнийг гамшгийн бүсээс нүүлгэн шилжүүлсний 71 нь хүүхэд байсан байна.
Энэ удаагийн үерийг урьд өмнө тохиолдож байгаагүй гамшиг гэж үзэж байна.
“Хатырык тосгон өмнө нь 100 орчим жилийн өмнө л үерт автаж байсан юм. Тиймээс нутгийн ард иргэдэд энэ гамшиг том цохилт болж байна” гэж Саха улсын тэргүүн Айсен Николаев ярьжээ.
ОХУ-ын онцгой байдлын сайд Александр Куренков өчигдөр буюу Лхагва гарагт нөхцөл байдалтай танилцахаар Сахад очсон тухай албаны эх сурвалж мэдээлсэн байна.
Жил бүрийн хавар Оросын зарим бүс нутагт шар усны үер буудаг ч энэ жилийн хувьд усархаг бороо, гэнэтийн дулаарлын улмаас илүү их гамшиг учруулж байгаа.
Сүүлийн хоёр сарын турш Урал, баруун Сибирийн бүс нутагт үер усны гамшиг тасрахгүй үргэлжилж байна.
Эх сурвалж: ТАСС