Майкрософт компанийн үүсгэн байгуулагчдын нэг Пол Алленаар ахлуулсан судлаачдын баг Хирошимад хаясан атомын бөмбөгний чухал эд ангиудыг тээвэрлэж байсан Америкийн USS Indianapolis хөлгийн сэгийг далайн ёроолоос илрүүлжээ. Судлаачид 1,500 орчим километр квадрат талбайд хайгуул хийж, 5500 метрийн гүнээс олсон тухайгаа өнгөрсөн бямба гаригт мэдээлсэн байна.
Дэлхийн хоёрдугаар дайны үед буюу 1945 оны долдугаар сарын 30-нд USS Indianapolis хөлөг 12 минутанд живж, 1,196 усан цэргээс 800 гаруй нь амьд гарсан боловч аврагдах хүртэл 4-5 хоногийн хугацаанд ихэнх нь далайд осолджээ.
Тухайн үед USS Indianapolis хөлөг Номхон далай дахь Америкийн эзэмшлийн Тиниан аралд Хирошимад хаяхаар төлөвлөгдсөн атомын бөмбөгний чухал эд ангиудыг тээвэрлэн хүргэх нууц даалгаврыг гүйцэтгэж дуусаад байжээ. Энэ арлаас сүүлд атомын бөмбөгийг нисэх онгоцоор тээвэрлэн Хирошимад хаясан аж.
72 жилийн өмнө Японы тэнгисийн цэргийн довтолгоонд сүйрч, живсэн энэ онгоц нь АНУ-ын түүхэн дэх хамгийн том тэнгисийн сүйрэл болсон түүхтэй. Өнөөдөр энэ түүхэн хөлгийн гэрч болж 22 хүн амьд үлдсэн байдаг.