Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард 31 настай эхнэрээ Астана хотын нэгэн ресторанд хэрцгийгээр зодож алсан Казахстаны эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаевын шүүх хурал өчигдөр буюу Даваа гарагт болжээ.
Тэрбээр шүүхийн өмнө мэдүүлэхдээ хүний амь хөнөөх зорилгогүй байснаа хүлээж, сошиал сүлжээнд өрнөж буй өөрийнх нь эсрэг үзэн ядалтын кампанит ажлын нөлөөнд авталгүй “объектив” байхыг шүүгчдэд уриалсан байна.
“Би Салтанатыг үхүүлэхийг хэзээ ч хүсээгүй. Би түүнийг ийм байдалд хүрнэ гэж хэзээ ч төсөөлж байгаагүй. Би буруутай, гэхдээ санаатай хүн амины хэрэг үйлдээгүй. Надад шүүхээс зугтах бүх боломж байсан ч ингээгүй. Гэтэл мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нөлөөлж байна. Салтанатын үхэл санамсаргүй тохиолдол байсан” гэж Бишимбаев мэдүүлжээ.
Түүнд бусдыг эрүүдэн шүүсэн, онц хэрцгий аргаар хүний амь бүрэлгэсэн, удаа дараа хүнд гэмт хэрэг үйлдсэн зэрэг хэргүүд тулгаад байгаа юм.
Бишимбаевын үеэл Бахытжан Байжановыг гэмт хэрэг нуун дарагдуулсан үндэслэлээр яллагдагчаар татжээ.
Зургаан эмэгтэй тутмын нэг нь хамтран амьдрагч эрэгтэйнхээ гарт ямар нэг байдлаар бие махбодын хүчирхийлэлд өртдөг гэгддэг Казахстанд гарсан уг хэрэг олны анхаарлын төвд байгаа.
Бишимбаевын шүүх хуралтай зэрэгцэн өчигдөр Казахстаны гадаад хэргийн яам тус улсаас Арабын Нэгдсэн Эмират Улсад суугаа элчин сайдын зөвлөх Сакен Мамашийг эгүүлэн татах болсныг зарлажээ.
Мамашийн эхнэр 10 жил хамт амьдрахдаа байнга зодуулдаг байсан тухай гомдлыг эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах байгууллагад гаргасан юм байна.
“Бид энэ ажилтнаа Казахстан руу яаралтай дуудсан. Хуулийн байгууллага түүний асуудлыг цаашид хариуцах болно. Гадаад хэргийн яам ажлаас нь халж байгаа” гэж яамны хэвлэлийн төлөөлөгч Айбек Смадияров хэлжээ.
Гэр бүлийн хүчирхийллийг Казахстанд гэмт хэрэгт тооцдоггүй бөгөөд ихэнхдээ нийтэд ил гаралгүй өнгөрдөг уламжлалтай.
Гишүүдийн дөрөвний нэгийг эмэгтэйчүүд эзэлдэг Казахстаны парламент гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцдог болох тухай хуулийн төслийг олон жил хойшлуулсаар ирсэн.
Нукенова Салтанатын эмгэнэлт үхлийн дараа Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев уг хэргийг мөрдөн шалгах ажилд онцгой анхаарал хандуулахыг дотоод хэргийн сайддаа үүрэг болгож байв.
Одоо 43 настай Бишимбаев 2016 оны тавдугаар сараас арванхоёрдугаар сар хүртэл богино хугацаанд Казахстаны эдийн засгийн сайдын албыг хашиж байжээ.
Үүнээс өмнө тэр төрийн байгууллагуудад өөр өөр удирдах албан тушаалууд хашиж байсан юм.
2018 онд тэр өөр 22 хүний хамт авлига, төрийн өмч шамшигдуулсан хэргээр шийтгүүлж байжээ.
Бишимбаев тухайн үед 10 жилийн хорих ял сонссон ч 18 сарын дараа өршөөлөөр суллагдаж байв.
Казахстаны дотоод хэргийн яам тус улсад жил бүр 100,000 гаруй гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгддэг гэсэн тоо гаргасан байдаг.
Гэхдээ бодит байдал дээр үүнээс хавьгүй өндөр байх магадлалтай юм.
Олон улсын хүний эрхийн байгууллагууд гэр бүлийн хүчирхийллийн асуудалд анхаарал хандуулахыг Казахстаны эрх баригчдад олон жилийн өмнөөс уриалж байлаа.
Тус улсад жил бүр 400 орчим эмэгтэй гэр бүлийн хүчирхийллийн улмаас амиа алддаг гэсэн тоог НҮБ гаргаж байжээ.
Эх сурвалж: Tengrinews