Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Отгонбаяр УИХ-ын сонгуульд МАН-аас Зүүн бүс буюу 6-р тойрог болох Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймагт нэр дэвшихээр горилж яваа. Улс төрийн хүрээнд энэ яриа ил, далд яригдсаар У.Отгонбаяр зүүн бүст аймаг, сум дамжин сонгуулийн бэлтгэлээ базаагаад тун завгүй яваа.
Түүнийг төрийн албанд олон жил ажиллаж байсныг мэддэг хүн тун ховор. У.Отгонбаярын хувьд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс 10 насаар дүү, МУИС-ийг улс төр судлаачаар төгсч, Австралид мастераа хамгаалсан.
Төрийн албанд 10 гаруй жил ажилласан, Барилга хот байгуулалтын яаманд газрын дарга хийж байгаад У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилогдсоны дараа буюу 2017 онд өөрийн хүсэлтээр төрийн албанаас чөлөөлөгдсөн байдаг.
ЗУРГИЙН ТАЙЛБАР: ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ТӨРСӨН ДҮҮ У.ОТГОНБАЯР /1990 ОН/
Нэгэнт ах нь Засгийн газар толгойлж байгаа учраас нэг Засгийн газарт ажиллахгүй хэмээн бизнес эрхэлж нэг хэсэг “чимээгүй” явсан тэрбээр өнгөрсөн жилээс улс төрийн хүрээлэлд идэвхтэй оролцох болсон. Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлийн даргаар ажиллаж, тус аймгийг үе үе тойглох болсон нь ийн түүнийг улс төрд орох нь гэсэн ил, далд яриа гарах болсон нь нууц биш ээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гарал угсаагаараа Хэнтий, Сүхбаатартай тун ойр, Хэнтий аймгаас дөрвөн ч удаа сонгогдож байсан, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд зүүн бүсээс өндөр санал авсан зэргээс нь харвал У.Отгонбаяр ахынхаа улс төрийн орыг залгуулж, зүүн бүсийг “онилж”, тойглож буй нь гайхаад байх зүйл биш. Нэгэнт цагт ах нь намын дарга, Ерөнхий сайд одоо Ерөнхийлөгч, одоо ч намдаа нөлөөтэй учраас У.Отгонбаярын хувьд улс төрийн зам дардан байхыг үгүйсгэхгүй.
Нөгөөтэйгүүр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийг улс төрд хөтлөн оруулж, Ерөнхий сайдын тамгыг хүлээлгэж өгч байсан. Харин одоо агтны хариу жилдээ гэдэгчлэн отгон дүүгээ Л.Оюун-Эрдэнэд даатгаж өгчээ гэсэн үг.
Үүнийг батлах нэг сэжүүр нь У.Отгонбаяр өнөөдөр Ерөнхий сайдын Бүсчилсэн хөгжлийн асуудал эрхэлсэн зөвлөхөөр ажиллаж буй. Бүсчилсэн хөгжлийн хэлэлцүүлэг нэрийн дор зүүн аймгуудаас сонгогдсон гишүүдтэй хөтлөлцөөд, Дорнод, Сүхбаатар, Хэнтийг хөндлөн гулд тойрч, хөдөө хөхөрч яваа юм гэх.
Ухнаа гуай Хэнтийн Галшараас уг гарвалтай ч Сүхбаатарын Халзанд төрж өссөн нь эднийхэн Сэцэн ханы нутгийг онилоод байдгийн нэг шалтгаан юм. Сүхбаатарынхан Дорнодын хүн амын багагүй хувийг эзэлдэг гэдгийг ч тооцоолсон байж таарна. Баруун-Урт хотод босгосон Бурхан багшийн хөшөөний гол эзнийг нь ч энэ залууг гэдэг.
Төрсөн ах нь Ерөнхий сайд, төрийн тэргүүнээр ажиллаж байхад нь төрд ажиллахгүй хэмээн ажлаа өгсөн У.Отгонбаярыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэмжихээр барахгүй зоригжуулж “Улс төр хатуу шүү. Нэг орох юм бол тууштай үзээрэй” гэсэн ташуур өгч байгаа сурагтай. У.Отгонбаяр УИХ-ын сонгуульд горилж, нэр дэвших гэж байгаа нь улс төр дэх ургийн модыг үргэлжлүүлэх сонирхол биш гэж үү гэх асуултыг уншигч танд үлдээе. Гэхдээ Ерөнхийлөгчийн дүү сонгогдох эрхгүй гэсэн хууль байхгүй билээ.
Эх сурвалж: https://news.mn/r/2717061/ Ш.ЧИМЭГ