Э.Оюунболдыг арбитрын шүүхэд хандаж, барилдах эрхээ сэргээлгэх болсон тухай өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл арбитрт биш Улсын дээд шүүхэд хандсан байна.
Ингэхдээ хамгийн анхны буюу 2019 оны шинжилгээний хариутай маргажээ. Түүнээс хойш Э.Оюунболд даруй хоёр ч удаагийн допингийн шинжилгээнд бүдэрсэн байдаг. Харин 2019 оны шинжилгээний хариуг эсэргүүцэхдээ анхан болон давж заалдах шатны шүүхэд хандсан байсан. Иймд 2024 оны УИХ-ын сонгуулийн өмнө УДШ-д хандаж үзжээ.
“Допингийн эсрэг үндэсний төв”-ийн хувьд өдгөө Улсын бүртгэлийн маргаантай байгаа. Шүүхийн шийдвэргүйгээр тус төвийн бүртгэл, мэдээлэлд өөрчлөлт оруулсан. Улмаар допинг хэрэглэсэн бөхчүүд “Эрх зүйн чадамжгүй байгууллагын шинжилгээ ч хүчингүй” гэж маргах үндэслэл бүрдээд байгаа юм.
Ялангуяа спортын арбитрт хандсан М.Бадарчийн хувьд ийм үндэслэл баримталж буй.
Тэгвэл энэ асуудлаараа “Допингийн эсрэг үндэсний төв” Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан байна. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, хэрэг үүсгэжээ. Иймд ямартай ч хэрэг хянан хэлэлцэх хугацаанд “Допингийн эсрэг үндэсний төв”-ийг бүртгэлийн асуудлаар нь далимдуулж, “Шинжилгээ нь хүчингүй” гэж үзэхээргүй болоод байна.