Сонгууль дөхөхөөр дарга нарын чих зөөлөрдөг жишгээр техник технологи ашиглахгүй байна гэх шүүмжийг Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар шүүрэн авч, Тохижилт үйлчилгээний компани/ТҮК/-ийн ажилтнуудын шүүрийг ирэх долоо хоногоос том тос сорогчоор солих нь ээ. Тодруулбал, ирэх долоо хоногийн Даваа гаригаас эхлэн ТҮК-ийн ажилтнууд цэвэрлэгээндээ шүүр ашиглахгүй том тоос сорогч ашиглах болжээ. Хот нийтийн аж ахуйн тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх ажил хийгдсэнээр тэд ажлын багажаа тоос сорогчоор солих болж буй аж.
Нийслэлийн хэмжээнд нийт 900 гаруй үйлчлэгч зам талбайд цэвэрлэгээ хийдэг байна. Гэхдээ тэдний зүгээс “Юу ч гэсэн тоос сорогчоор нь хогоо цэвэрлээд үзье. Ер нь бол санаанд буухгүй л байна” гэцгээж буй. Харин олон нийтийн зүгээс техник хэрэгслийг нь солих нэрийн дор шахаа хийж, мөнгө тоншчих вий гэх хардлагыг ч тавьж эхлээд буй.
Сануулахад, Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар ТҮК-ийн ажилчдын цалинг 3,5 сая төгрөгт хүргэх амлалт өгсөн. Түүнийгээ ирэх зургадугаар сарын 1-ээс хэрэгжүүлж эхэлнэ гэдгээ мэдэгдээд байна. Хэдийгээр ТҮК-ийнхний ажил хөдөлмөр амаргүй ч нэг сарынх нь цалин 3,5 сая төгрөгт хүрнэ гэдэг нь амьдралтай нийцэхгүй, сонгууль угтуулж авч буй арга хэмжээ гэж үзэх нэгэн ч бий юм.