Шадар сайд, Улсын онцгой комисс /УОК/-ын дарга С.Амарсайхан газын дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрны дүгнэлтийн талаар мэдээлэл өгсөн. Тэрбээр “Тухайн газ тээвэрлэсэн автомашин зориулалтын бус, бүртгэлгүй, маршрутын бус, замын хуудас аваагүй, жолооч нь сургалтад хамрагдаагүй, аюулгүй байдлын шаардлага хангаагүй байсан гэдгийг гурван яамны хамтарсан ажлын хэсэг тогтоосон. Надад өгсөн мэдээллээр тээврийн хэрэгсэл нь зөвшөөрөлгүй байсан. Мөн тус 207 дугааар байр зориулалтын бус байсан. Газар хөдлөлтөд тэсвэргүй гэж гарсан учраас хүн амьдрах боломжгүй. Цагдаа, шүүх хэнийг буруутай гэж үздэг юм, тэр хувь хүн, ААН барилгыг төлнө. Байрыг нураана. Төрөөс хохирол барагдуулах тухай асуудал одоохондоо яригдахгүй. Ер нь хувийн байгууллагын буруутай үйл ажиллагаа гэж үзэхээр байгаа. Гэхдээ ингэж хэлэх нь эрт байна. Уг осолд хэн буруутай болохыг шүүхийн байгууллага эцэслэнэ” гэв. Гэтэл оршин суугчдын зүгээс Улсын онцгой комиссын албан ёсны дүгнэлтийг хүлээсэн байдалтай байгаа гэдгийг хэлсэн юм.
Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвийн замд 2024 оны нэгдүгээр сард гарсан галын хэргийг шалгах ажлын хэсгийг Улсын ерөнхий прокурорын газраас байгуулсан. Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш галын улмаас эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоох, хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэх хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авах, гал гарсан шалтгаан нөхцөл, учирсан хохирлын хэр хэмжээг тогтоохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулах зэрэг мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Энэ хүрээнд 250 гаруй хүнээс мэдүүлэг авч, зургаан төрлийн 62 шинжилгээ хийлгэхээр шинжээч томилж 58 дүгнэлтийг гаргуулан, зарим эд зүйл, хөрөнгийн үнэлгээг тогтоожээ.
Галын улмаас онцгой байдлын газрын гурван албан хаагч, явган болон автомашинаар зорчиж явсан дөрвөн иргэн нас барж, есөн хүн хөнгөн, хүнд гэмтэж, 26 иргэнд угаарын хийн хөнгөн зэргийн хордлогын шинж илэрсэн бол 36 тээврийн хэрэгсэл, гурван барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгөд хохирол учирсан. Урьдчилсан байдлаар гудамж талбай, зам байгууламж, тээврийн хэрэгсэл, сургууль, оффис, аж ахуйн нэгжид 1.8 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдоод байна