Эрдоган: “Өөрийнхөө байр суурийг мэдэж харьц”
Туркийн төрийн тэргүүн Режеп Тайип Эрдоган Германы Гадаад хэргийн сайд Зигмар Габриэлийн хэлсэн “Анкара ХБНГУ-ын сонгуулийн сурталчилгааны ажилд бүдүүлгээр хутгалдан оролцож байна” гэсэн үгийг эрс шүүмжиллээ. Тэрбээр Габриэлийг өөрийнхөө байр суурийг мэдэж, зөвхөн Туркийн Гадаад хэргийн яамны тэргүүнтэй л харьц гэж зөвлөжээ. Эрдоган “Тэр ямар ч хил заагийг мэдэрдэггүй бололтой. Чи ер нь Туркийн Ерөнхийлөгчид ханддаг хэн бэ? Чи бол Гадаад хэргийн яамны тэргүүнтэй л харьцах ёстой хүн. Өөрийнхөө байр суурийг мэд. Чи улс төрд хэр удаан байсан бэ? Хэдэн настай вэ?” хэмээн Туркийн баруун хойно орших Денизли хотод ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ дурджээ.
Үүнээс гадна тэрбээр Анкараг гадаад бодлогоо яаж авч явах асуудлаар зааж сургах гэсний хэрэггүй гэж Габриэлд зөвлөжээ. Түүнчлэн тэрбээр Германд амьдардаг туркууддээ хандаж, ирэх сонгуульд илүү бодлоготой хандаж, Туркийн эсрэг үг хэлж буй намуудад саналаа өгөхгүй байхыг уриалсан байна. “Германы сонгуулиар тэдэнд зөв үлгэр дууриалал үзүүлээд өг. Тэд Туркийн эсрэг кампанит ажил явуулж байна. Тиймээс Туркт дайсагнасан байдлаар ханддаггүй хүмүүст саналаа өгөөрэй” хэмээжээ.
Саналын төлөөх тэмцэл
Туркийн Ерөнхийлөгчийн хувьд Германы бундестагийн сонгуулиас өмнө Германд амьдардаг нутаг нэгтнүүддээ нэг бус удаа хандаж, үг хэлж байгаа юм. Тухайлбал, тэрбээр энэ сарын 18-ны баасан гарагт Христийн ардчилсан холбоо/Христийн социалист холбооны тэргүүн, Германы канцлер Ангела Меркель, Германы Социал демократ намын тэргүүн Мартин Шульц нарын төлөө саналаа өгөхгүй байхыг туркууддээ уриалжээ. Түүний хэлснээр эдгээр улс төрийн хүчин нь “Туркийн дайснууд” гэнэ.
Эрдоган Стамбулд үг хэлэх үеэрээ “Герман дахь нутаг нэгтнүүддээ хандаж хэлэхэд ХАХ, ГСДН нь Турк улсын дайснууд юм. Туркийн эсрэг биш улс төрийн намуудыг дэмжээрэй” хэмээжээ. Түүний хэлсэн энэ үгийг Германы канцлер Ангела Меркель хүлээн зөвшөөршгүй хэмээн тэмдэглэсэн байна. Тэрбээр Туркийн Төрийн тэргүүнийг Германы дотоод бодлогод хутгалдаж байна хэмээгээд турк гаралтай Германы сонгогчдоо саналаа чөлөөтэй өгөх эрхтэй гэжээ.
Канцлерын хэлсэн үгийг ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Зигмар Габриэль ч дэмжиж, Эрдоганыг хурцаар шүүмжилсэн аж. Тэрбээр “Эрдоган Германы сонгуулийн аянд хутгалдан орж буй нь хүмүүсийг бие биеийнхээ эсрэг чиглүүлэх хүсэлтэй байгааг харуулж буй хэрэг” хэмээн мэдэгджээ. Мөн үүгээрээ ХБНГУ-ын тусгаар тогтнолд урьд хожид үзэгдээгүй нөлөөлөл тогтоох оролдлого хийж байна гэжээ.
Германы Бундестагийн сонгууль ирэх сарын 24-нд болно. Социологийн санал асуулгаар одоогийн байдлаар Ангела Меркелийн Христийн ардчилсан холбоо/Христийн социалист холбоо 34 хувийн саналтайгаар тэргүүлж байгаа юм. Харин Социал демократ нам 24 хувь, Зүүнийхэн есөн хувийн саналтайгаар удаалж байна.
Герман, Туркийн таагүй харилцаа
Анкара, Берлиний хоёр талт харилцаа сүүлийн үед нэлээд хурцадмал байдалд байгаа юм. Германаас армяны геноцидыг хүлээн зөвшөөрч, Туркийг Инжирликийн цэргийн баазад оруулахаас татгалзсан, түүнчлэн Туркт өнгөрсөн дөрөвдүгээр сарын 16-нд болсон Үндсэн хуулийн шинэчлэлийн асуудлаарх бүх нийтийн санал хураалтын өмнө эсрэг сурталчилгаа явуулсан зэрэг нь хоёр орны харилцааг хурцдахад нөлөөлжээ.
Үүн дээр нэмэгдээд Туркийн улстөрчдийг Германы газар нутагт уулзалт зохион байгуулахыг хориглосон нь Туркийн төдийгүй Европт аж төрж буй туркуудын дургүйцлийг ихээр төрүүлсэн байна. Тодорхой баримт хэлэхэд ХБНГУ-д 1.5 сая орчим турк аж төрдөг аж. Сонирхолтой нь эдгээрийн 2/3 нь бүх нийтийн санал хураалтаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг нэмэгдүүлэхийн төлөө саналаа өгчээ. Ийнхүү Герман дахь туркчууд Анкарагийн өнөөгийн засаг захиргааг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.
Гэвч Берлиний зүгээс Эрдоганд хандах хандлагаа өөрчлөх бодолгүй байна. Тухайлбал, тэд аюулгүйн түвшнийг бүрэн хангах боломжгүй гэх шалтгаанаар Хамбургт болсон G20-гийн уулзалтын үеэр Туркийн Ерөнхийлөгчийг нутаг нэгтнүүдтэйгээ уулзалт хийх боломж олгоогүй билээ. Эрдоган болон түүний хамтрагчид ч үүнийг зүгээр хараад суусангүй. Тэд Германы засаг захиргааг нацизм, улс төрийн амиа хорлолт хийж байна гэж буруутгасан байна. Үүнээс гадна Туркийн төрийн тэргүүн терроризмтой тэмцэх асуудлаарх Берлиний байр суурийг буруутгаад амжив.
Эрдоган “Би Ангела Меркельд 4.5 мянган алан хядагчийн баримт, жагсаалтыг өөрийн биеэр өгсөн. Гэтэл энэ жагсаалт одоо болтол Германы шат шатны байгууллагад шалгагдаж байгаа нэртэй байсаар л байна” хэмээн Денизли дэх уулзалтын үеэр мэдэгджээ. Харин Берлинээс Анкараг үндэслэлгүйгээр баривчилгаа хийж байна гэж шүүмжилж буй. Туркээс өнгөрсөн долоодугаар сард алан хядах ажиллагаанд сэжиглэн хүний эрхийг хамгаалагч найман хүнийг баривчилсны нэг нь ХБНГУ-ын иргэн Петер Штойдтнер байсан гэнэ.
Энэ хэрэгтэй холбогдуулан Германы ГХЯ Туркт аялах иргэддээ зориулан зөвлөмж хүртэл гаргаж, аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байлаа. Гэхдээ хоёр орны хоорондын үл ойлголцол, маргаан тун удахгүй нааштайгаар шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Түүний үзэж буйгаар хоёр улс харилцаагаа сайжруулахад бундестаг дахь ирэх сонгууль тус болох гэнэ. “Энэ улсад сонгууль болсны дараа Берлиний бодлого ч хэвийн урсгалдаа орно гэдэгт итгэлтэй байна” хэмээн Эрдоган мэдэгдсэн байна.
Э.МӨНХЗАЯА