Чингэлтэй дүүргийн 20 дугаар хороо “Миний” сүлжээ дэлгүүрийн агуулахын байранд өнөөдөр /2024.04.08/ гал гарч, Гал түймэр унтраах, аврах 10, 14, 26, 29 дүгээр анги, нийслэлийн Аврах ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллалаа. Харамсалтай нь Аврах 10-р ангийн алба хаагч ажил үүргээ гүйцэтгэж байгаад нас барсан. Энэ талаар Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлэл хийлээ.
Онцгой байдлын албаны төлөөлөл “Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт гал түймэр гарсан дуудлагаар онцгой байдлын алба хаагчид үүрэг гүйцэтгэсэн. Гал түймэрт 10х18 харьцаатай гурван давхар барилга өртсөн. Манай алба хаагчид 12.40 цагт галын тархалтыг зогсоож, нийт долоон ангийн 100 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэлээ. Бид 15.00 цагт галыг бүрэн зогсоож, хууль хяналтын байгууллагууд үзлэг хийж байна.
Харамсалтайгаар нэг алба хаагч үүргээ гүйцэтгэж байгаад амь насаа алдлаа. Алба хаагчийнхаа ар гэр, хамт олонд гүн эмгэнэл илэрхийлье” гэсэн юм.
Гурван давхар барилгын дээд давхарт худалдаа үйлчилгээ эрхэлдэг байсан бол хоёр зоорийн давхрыг агуулахын зориулалтаар ашиглаж байсан. Тэнд шатамхай бараа материал хадгалагдаж байсан гэдгийг урьдчилсан байдлаар тогтоосон. Алба хаагчдын хувьд ямар нэгэн хөдөлмөр хамгааллын хэрэгсэл дутагдалтай байгаагүй. Галд өртөж байгаа обьект дотор дутуу хувцастай үүрэг гүйцэтгэдэггүй. Тэнд байгаа бүх машинууд өөр өөрсдийн хуваарийн дагуу үүргээ гүйцэтгэдэг. Олон машин зэрэг ус цацдаг гэдэг асуудал байхгүй. Хуулийн байгууллага ажиллаж байгаа. Бусад алба хаагчдын биеийн байдал хэвийн байгаа. Энгийн иргэд бэртэж, гэмтээгүй. Хэргийн газрын үзлэг үргэлжилж байна.
Алба хаагчид дуудлагын дагуу газар дээр нь очиж, гал хаанаас тархаж байгааг тогтоож үүргээ гүйцэтгэсэн. Үүнээс цааш мэдээлэл өгөх боломжгүй.
Амиа алдсан алба хаагч онцгой байдлын газарт 20 гаруй жил ажилласан, таван хүүхэдтэй байсан. Бид эхний ээлжинд ар гэрийнхэнтэй уулзсан” гэв.
Ар гэрийнхний зүгээс хэвлэлийн хурлын дундуур асуулт асуухдаа “Тэтгэвэрт гарах хугацаа нь болж, өнгөрсөн 2023 оны есдүгээр сараас хойш удаа дараа хүсэлтээ өгсөн боловч тэтгэвэрт нь гаргаагүй. Өмнө нь тэр хүн маань хоёр жил завсарласан. Тэр хүн өмнө нь 30 хувийн түлэгдэлтийн гэмтэл авсан гэсэн боловч үнэндээ 80 хувь түлэгдсэн байсан. Тэгээд эмчлүүлж байгаад ажилдаа орсон. Тэр өвчний шалтгаанаас ажлаа өгөх хүсэлтээ өгөөд байхад хүлээж аваагүй” гэдгийг хэлж байв.