Улаанбаатар хотыг тойроод газар хөдлөлтийн зургаан том хагарал байдаг. Газар хөдлөлтийн давтамж, хүч жилээс жилд нэмэгдэж байгаа нь судалгаагаар батлагдсан гэж ОБЕГ-аас мэдээлсэн. Жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн долоо хоногийн пүрэв гарагийн 16:00 цагт Засгийн газраас улс орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугаргаж, дадлага сургууль зохион байгуулах журам гаргасан. Уг журмыг 17 дахь жилдээ өнөөдөр 16 цагаас хэрэгжүүлнэ.
Уг өдрийг угтаж ОБЕГ, ШУА-ийн Одон орон гео физикийн хүрээлэнгийн Газар хөдлөл судлалын үндэсний мэдээллийн төв, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Барилга байгууламжийн чанарын хэлтсээс хамтарсан мэдээлэл хийсэн юм.
Эндээс онцлоход, Нийслэлийн барилга байгууламж чанарын хэлтэс нийслэлийн хэмжээнд ашиглагдаж байгаа орон сууцны болон орон сууцны зориулалттай барилгад газар хөдлөлтийн үнэлгээ хийж пасспортжуулах ажлыг зохион байгуулж байна.
Тус газраас 2011 оноос хойш орон сууц болон төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн 976 барилгыг пасспортжуулж, газар хөдлөлтийн үнэлгээ хийжээ. Уг барилгууд 2002 оноос өмнө баригдсан бөгөөд 976 барилга пасспортжуулснаас 574 нь газар хөдлөлтөд тэсвэргүй, 205 нь хүчитгэн ашиглах боломжтой, 206 нь тэсвэртэй гэсэн дүгнэлт гарчээ.
Тэсвэргүй дүгнэлтэд ангилагдсан 574 барилга газар хөдлөлтийн эсрэг арга хэмжээ бүрэн бус, даацын бүтээцүүдийнх нь бат бөх байдал буурсан, нүдэнд харагдахуйц ан цав, хотойлт, хагаралт цууралт үүссэн байдалтай. Дээрээс нь ашиглалт хариуцаж байгаа газрууд засварыг нь цаг тухайд хийдэггүй учраас даацын чанар буурч, шаардлага хангахгүй хэмжээнд хүрчээ.
Холбогдох газруудаас хүчитгэн ашиглах боломжтой 205 барилга дээр Жайкатай хамтарч эрхзүйн орчин бий болгох, шийдэл сонгохоор ажиллаж эхэлсэн. Харин тэсвэргүй хэмээн дүгнэгдсэн 574 барилгыг буулгаж шинээр барихаар ажиллаж байна.
Эх сурвалж: https://eguur.mn/484805/ Б.ХАШ-ИЛД