Ах, дүү хоёрыг тус тусынх нь нам сонгуулиар хангайн бүсээс нэр дэвшүүлэх тухай хөшигний ард яригдаж байна.
Тодруулбал,
Хотын дарга асан Д.Сумъяабазарыг намаас нь найман мандат бүхий Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгуудын I тойрог руу явах санал тавьсан гэх.
Харин Д.Сумъяабазарын төрсөн дүү Д.Дагвадоржийг Ерөнхийлөгч асан Х.Баттулга сойж, “Хангайн тойрог руу явуулж, нэг суудал авах” тохироог хийж байгаа гэх.
Гэхдээ Д.Сумъяабазар хангайн бүсэд дүүтэйгээ өрсөлдөхөөс татгалзаж, хотод нэр дэвших сонирхолтойгоо илэрхийлсэн байна.
Түүний хувьд нийслэл дэх МАН-ын хорооны сонгуулийн штабаа удирдаж, Х.Нямбаатар ерөнхий менежерээр нь ажиллахаар болсон. Хотын даргын ажлаа өгөх шахалтад орохдоо л “Нийслэлийн МАН-аа би өөрөө удирдана” гэсэн тохироог хөшигний ард хийсэн байдаг. Үүнийгээ ч нийтэд ил хэлж, “Намаа би хүнд өгөхгүй” хэмээж байв.
Үндсэндээ Д.Сумъяабазарт одоогоор буй цор ганц байр суурь нь, Нийслэлийн МАН-ын хорооны дарга юм. Тиймээс л тэр рейтинг муутай ч нийслэлийн тойргуудаа зангидаж орно гэгдэж буй.
Харин Д.Дагвадоржийн тухайд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Х.Баттулга талд ажиллаж, өөрийн нүүр хуудсаараа шууд дамжуулалт хийж байв. Ерөнхийлөгч асан Х.Баттулгын нэр нөлөө Баянхонгор аймагт түшиглэн, хангайн бүсэд илүү сайн байгаа юм. Тиймээс ч Д.Дагвадоржийг төрсөн нутаг Өвөрхангай аймаг руу явуулж, хангайн бүсэд өрсөлдүүлэхээр тооцсон логик харагдаж буй.
Эх сурвалж: https://eguur.mn/484686/ П. Урнаа