УИХ дахь Ардчилсан Нам (АН)-ын бүлэг өнөөдөр хуралджээ. Уг хурлаар хэлэлцсэн асуудлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Бүлгийн дарга О.Цогтгэрэл “Бүлгийн хурлаар бид бүхэн гурван асуудлыг хэлэлцлээ. Эхнийх нь Үндсэн Хуулийн Цэцтэй холбоотой хуулийг энэ долоо хоногт ярилцахаар болсон. Хоёрдугаарт эрх баригчдын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг энэ чуулганаар хэлэлцдэг. Энэ асуудал дээр АН-ын бүлэг дүгнэлтээ нэгтгэсэн.
Сүүлийнх нь өвөлжилтийн нөхцөл байдал, хөдөө аж ахуйн салбарын талаар болон үүний эсрэг арга хэмжээ авч буй эрх баригчдын авч буй арга хэмжээний талаар ярилцлаа.
Үүнтэй холбоотой товч мэдээлэл хүргэхэд Үндсэн Хуулийн Цэцтэй холбоотой хоёр хуульд шинэчилсэн найруулга орж ирлээ. Энэ асуудлаар Хууль зүйн сайд болон бусад албаны хүмүүстэй уулзаж санаа бодлыг нь сонсоод бид дүгнэлтээ гаргасан. Энэ хуулийн шинэчилсэн найруулгыг дэмжих боломжгүй гэж үзэж байна.
Цаг хугацааны хувьд Үндсэн Хуулийн Цэц буюу Монгол Улсын үндсэн хуулийн манаач болсон энэ байгууллагыг оролдсон, маш эгзэгтэй зүйл заалтууд нэмэгдсэн. Тодруулбал Цэцийн гишүүнийг аливаа цаг хугацаанд ч хариуцлагад татахгүй гэдэгт заалт орж ирлээ. Аливаа цаг хугацаа гэдэгт нь цэцийн гишүүнээсээ буусан хойноо буюу насан туршдаа хариуцлагад татахгүй гэж хэлж болно.
Цэцийн гишүүн нь ямар нэг асуудал гаргавал үүнийг нь гишүүд өөрсдөө хэлэлцэнэ гэх мэтээр энэ байгууллагад дархлагдсан хүмүүс бий болох нөхцөл бүрдэж байна. Тиймээс энэ хуулийн шинэчилсэн найруулгыг дэмжих боломжгүй гэдэг дээр манай бүлэг санал нэгдсэн.
Сүүлийн дөрвөн жил байтугай найман жилийн эрх баригчдын мөрийн хөтөлбөртэй холбоотой хэдэн тоон баримт хэлье. Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарт 10 сая богийн арьс, дөрвөн сая бодын арьс шир боловсруулах үйлдвэр барина гэж амлалт өгсөн. Энэ үйлдвэр сураг нь тасарсан. Мөн 2021 онд ашиглалтад орно гэсэн нефтийн үйлдвэр, сарын нэг хувь болно гэсэн зээлийн хүүний авлага гэх мэтээр маш олон амлалтуудыг бид бүхэн энэ долоо хоногт хэлэлцэнэ.
2016 оноос хойш өнөөдрийг хүртэл Монгол Улсын төсөв тав дахин өссөн. Харин энэ хугацаанд ард иргэдийн амьдралд огт өөрчлөлт гарсангүй. Тодруулбал гурван хүн тутмын нэг нь ядуу байсан нь хэвээрээ. Төсөв нь нэмэгдсэн атлаа иргэдийнх нь амьдралд нөлөөлдөггүй. Энэ зөрүүг авлига гэж нэрлэхэд буруудахгүй.
Үүнийг зөвхөн бид биш олон улсын байгууллагууд ч ярьж байна. Улсын төсөв тав дахин өссөнийг хэн ч харж болно. Дэлхийн банкнаас өнгөрсөн сард Монгол Улсын иргэдийн гурван хүн тутмын нэг нь ядуу байгааг судалгаагаар тогтоосон. Авлигын индексээр манай улс сүүлийн найман жилийн хугацаанд 50 байраар ухарсан гэдгийг судлаачид хэлж байна” гэж ярилаа.
Эх сурвалж: https://ikon.mn/n/33mw Э.ТЭМҮҮЛЭН, IKON.MN