АНУ-ын нэг иргэний гэрээс олдсон түүх дурсгалын 22 эд зүйлийг Японы Окинава арлын захиргаанд буцааж өгснөө Бостон хот дахь Холбооны Мөрдөх Товчооны салбар өнгөрсөн долоо хоногт мэдээлжээ.
Эдгээр эд зүйлсийг дэлхийн хоёрдугаар дайны үеэр АНУ-ын цэргүүд олзолсон юм байна.
Массачусетс мужийн нэг гэр бүл талийгаач эцгийнхээ гэрийн дээврийн хонгилоос эдгээрийг олсноо Холбооны Мөрдөх Товчоонд анх мэдээлж байжээ.
Эд зүйлсийн гарал үүслийг удаан хугацаанд мөрдөн шалгасны эцэст Японы Окинава аралд буцааж өгөх шийдвэр гарсан байна.
Мөрдлөгийн үр дүнд эд зүйлсийг хадгалж байсан хүн дэлхийн хоёрдугаар дайны ахмад дайчин байсныг тогтоожээ. Гэхдээ тэр Номхон Далайд алба хааж байгаагүй юм байна.
Эдгээрийн дотор 18-19 дүгээр зууны үеийн хуйлмал зураг зургаан ширхэг, 19 дүгээр зууны үед бүтээсэн Окинава арлын газрын зураг, төрөл бүрийн ваар, шаазан эдлэл байжээ.
Эд зүйлстэй хамт олдсон захидалд эдгээрийг дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлд Окинава арлаас олзолсон тухай бичсэн байсан нь мөрдлөгийн ажиллагаанд тус болсон байна.
Түүхэн дурсгалуудыг илрүүлсэн гэр бүлийнхний хүсэлтийн дагуу тэдний нэрийг нууцалснаа Холбооны Мөрдөх Товчоо мэдээлжээ.
Одоо тус байгууллагын “National Stolen Art File” бүртгэлд дэлхийн хоёрдугаар дайны үед Окинава арлаас алдагдаад олдохгүй байгаа хэд хэдэн түүхэн дурсгал байдаг гэнэ. Тухайлбал Окинава арлын язгууртнуудын хөрөг зургууд үүнд багтдаг ажээ.
Эх сурвалж: The Guardian https://ikon.mn/n/33ly С.МӨНХЦЭЦЭГ