НИТХ-ын ээлжит бус XVII хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр хэлэлцэж буй асуудлуудтай холбоотойгоор төлөөлөгчид асуулт асууж, санал хэлж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар хариулсан юм.
НИТХ-ын төлөөлөгч П.Ганзориг “Нийтийн тээврийн салбарт өгдөг татаасыг хэрхэн бууруулах гэж байна вэ. Гурван жилийн өмнө нэг автобусанд жилдээ 100 сая орчим төгрөгийн татаас өгдөг байсан. Одоо энэ тоо гурав дахин өсөх гэж байна. Энэ татаасыг бууруулах талаар их ярьж ирлээ. Хотын өмнөх удирдлага автобусны зорчилтын дата мэдээлэлд дүгнэлт хийж, судалгааны компани ажиллуулж байгаа гэж байсан. Гэтэл улам л асуудал нь хүндэрч, татаас нь нэмэгдэж байна. Үүнээс төрийн залгамж халаа алдагдаж байгаа юм шиг харагдлаа. Энэ асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх боломж байна уу” гэж асуув.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Хотын өмнөх даргын үед хийж байсан судалгаа, өгөгдлийг үндэслэн ажиллаж байгаа. Төрийн бодлого, ажлын залгамж халаа алдагдаагүй. Төрөөс мөнгө зарж хийсэн ажлыг үнэгүйдүүлсэн асуудал байхгүй. Нийтийн тээврийн салбарын зардал нэмэгдэж байгаа шалтгаан нь жолооч нарын цалинг нэмж байгаатай холбоотой. Жолооч нарын цалинг 1 саяас 3.5 сая болгож нэмэгдүүлэхгүй бол энэ салбарт ажиллах хүчин дутагдаж байна.
Гуравдугаар сарын 15-наас нийтийн тээврийн төлбөр тооцооны шинэ системийг олон нийтэд танилцуулж, шилжихээр төлөвлөж байгаа. Тодруулбал, зорчиж буй хүний толгойг тоолдог системийг бүх автобусанд суурилуулна. Оюутан, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүндэт донор зэрэг хөнгөлөлттэй зорчдог иргэдийн картыг нийтийн тээврийн салбарт өгч буй төсвөөс цэнэглэж өгнө. Ингэснээр тухайн иргэний толгой тоологдож, картаа төхөөрөмжид уншуулсантай нь таарах ёстой. Хэрэв энэ нь зөрвөл тухайн автобусны жолоочид шаардлага тавих юм. Бэлэн мөнгө хийх зориулалттай, шууд онгойдоггүй савыг жолоочийн хажууд байрлуулсан ч өдөрт 30-40 мянган төгрөг жолооч нарын халаасанд орж байна. Энэ асуудлыг шийдвэрлэж, нийтийн тээврийн салбарт орох ёстой орлогыг олуулахын тулд карт уншигч болон толгой тоолох төхөөрөмжийн зорчигчийг бүртгэсэн тоо таарах ёстой юм.
Автобусны чиглэлүүдийг шинэчлэхэд дата мэдээлэл зөрсөн асуудал гарсан. Бид тухайн шинэчлэлийг хийхдээ “Улаанбаатар смарт карт”-д бүртгэгдсэн зорчилт хөдөлгөөний дата мэдээлэлд үндэслэж, тооцоо хийсэн. Гэвч карт уншигчид бүртгэгддэггүй зорчилт их байсан. Тиймээс энэ алдааг засаж, нийтийн тээврийн салбарт өгдөг татаасыг ирэх жилээс 50 хүртэл хувиар бууруулах төлөвлөлт хийн ажиллаж байгаа юм. Цаашид нийтийн тээврийн салбарыг өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг, татвар төлөгчдийн мөнгөнөөс татаас авдаггүй болгохыг зорьж байна” гэв.