”S’Outlet” дэлгүүрийн газар чөлөөлөлтийн талаар Хотын ерөнхий менежер Төрхүү өнөөдөр мэдээлэл өглөө.
Тэрбээр “Өнгөрсөн онд болсон үерийг нийслэлчүүд мэдэж байгаа. ”S’Outlet” дэлгүүрийн хэсэгт ус боогдсоноос үер хоёр тийш хальж, ойр орчмын иргэдийн эд хөрөнгөд хохирол учруулсан.
Үерийн далан сувгийг тэлээгүй, үйлчилгээ засвар хийгээгүй, даланд бургас болон шороо асгаснаас болж үерийн асуудлууд бий болсон. Шинжлэх ухааны үндэслэлтэй эдгээр дүгнэлт гарсан. Үүнийг үндэслэж, ”S’Outlet” дэлгүүрийн агуулахуудыг буулгасан юм. Одоо таван давхар дэлгүүрийн хүчитгэсэн бетон хийцтэй барилгыг дотроос нь буулгаж байна. Дөрөвдүгээр сард буулгаж дуусгахаар төлөвлөсөн.
”S’Outlet” дэлгүүрийн дулаан, цахилгаан, бохир, цэвэр усны инженерийн хангамжийг зогсоолоо.
Мөн дэлгүүрийн хажуугийн үерийн далангийн сувагчлалыг нээхээр өнөөдрөөс ажиллаж эхэллээ.
Дөрөвдүгээр сарын дунд үеэс тавдугаар сарын эхэн үеийн хооронд шар усны үер болох магадлалтай гэсэн учир үерийн далангийн сувагчлалыг хийж байна.
Барилгуудыг буулгасны дараа үерийн далан сувгийг ухаж, хогийг цэвэрлэнэ. Ингэснээр ус нэвтрүүлэх чадвар өндөр болж, үерийн далан суваг бүрэн ажилладаг. Үерийн даланд байгаа бургасанд хог, хадаг их байна. Энэ нь үерийн ус орж ирэхэд даланг сэтэлдэг. Инженерийн сувагчлал дотор мод бургас байх ёсгүй. Сэлбэ, Туул голын үерийн даланд мод байдаг учир авахаас өөр аргагүй, гаднын орны үерийн далангийн сувагт мод байдаггүйг харсан байх” хэмээн ярилаа.
“Нийслэлийн 35 байршилд халиа тошин үүссэн. Эдгээрийн мөсийг хагалж, зөөж байна. Мөсийг шилжүүлэн байршуулахгүй бол халиа тошин ихсэж, үер гамшиг болох магадлалтай байдаг. Өнөөдрийн байдлаар 12,000 метр.куб мөсийг зөөхөөр ажиллаж байгаа”-г Хотын ерөнхий менежер хэллээ.