Нийслэлийн 85 дугаар цэцэрлэгийн хөгжмийн багш Д.Отгонцэцэг “Бага насны хүүхдийг тойрон бүжгээр хөгжүүлэх аргазүй” сургалт, үзүүлэх ажлыг зохион байгуулж, найман дүүргийн хөгжмийн 68 багш хамрагдлаа.
Сургалтад хамрагдсан багш нар нүүдэлчин монголчуудын эртний гайхамшигт өв соёлын нэг болох тойрон бүжгийн намба суулт, ёсолгоо, мөрний сугсрааг бага насны хүүхдэд энгийн хялбар аргаар заах аргазүйгээс суралцлаа.
Амьдралын тойрог, мөнхийн хөдөлгөөнийг илтгэх тойрог бүжиг нь язгуурын монголчуудын дунд эртнээс уламжлагдан ирсэн өв соёл бөгөөд Монгол түмний эв нэгдлийн бэлгэдэл болсон урлаг юм.
Хөгжмийн хэмнэлд тохируулан бүжиглэхдээ үүсгэсэн тойром хүрээг жигд хадгалах нь хүүхдийн хараа, орон зайн мэдрэмж, хөгжмийн сонсгол мэдрэмжийг дээшлүүлж, уламжлалт өв соёлоо хадгалан хамгаалах, багийн ажиллагааг сайжруулдаг байна.
Мөн тойрон бүжиг хийх нь хөл, гар, бүтэн бие хөдөлгөөнд оролцож хүч их шаарддаг тул дасгал хөдөлгөөн хийсэнтэй тэнцэхүйц эрүүл мэндэд тустай байдаг.
Сургалтын дараах сэтгэл ханамжийн судалгаанд нийт оролцогчдын 97.1 хувь тойрон бүжгийн талаар ойлголттой болж чадсан гэж хариулсан бол өөрийн цэцэрлэг дээрх сургалт үйл ажиллагаанд тойрон бүжгийн төрлийг 16.2 хувь тогтмол, 69.1 хувь нь хааяа ашигладаг гэж хариулжээ.
Эх сурвалж: Нийслэлийн боловсролын газар