Азийн Хөгжлийн Банк(АХБ), Ядуурлыг бууруулах Японы сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Цар тахлын эсрэг шуурхай арга хэмжээ авах эрүүл мэндийн тогтолцооны чадавхыг бэхжүүлэх” МОН-9218 төслийн хүрээнд Монгол Улсад явуулын үзлэг, оношилгоо, шинжилгээ хийх иж бүрэн тоноглогдсон дөрвөн автомашин хүлээлгэн өгөх арга хэмжээ өчигдөр Улсын Хоёрдугаар Төв Эмнэлгийн гадна талбайд боллоо.
Нүүдлийн эмнэлгийн зориулалтаар бүрэн тоноглосон машинуудыг хүлээлгэн өгөх ёслолд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Игавахара Масарү, АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Шэннон Коулин болон эрүүл мэндийн салбарынхны төлөөлөл оролцов.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Монгол Улсын эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, үзлэг, оношилгоо, шинжилгээний бүрэн тоноглогдсон автомашинуудтай болоход дэмжлэг үзүүлсэн Япон улсын Засгийн газар, АХБ-нд гүн талархал илэрхийлээд “Монгол Улсын Засгийн газраас 2022 оны тавдугаар сарын 1-нээс эхлэн нийт хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах шийдвэр гарсантай холбогдуулан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулан өнөөдрийн байдлаар нийт хүн амын 40 шахам хувийг хамруулаад байна.
Өнөөдөр хүлээн авч буй бүрэн тоноглогдсон автомашинууд нь эрүүл мэндийн салбарт урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, оношилгоо, шинжилгээнд иргэдээ бүрэн хамруулах зорилго зорилтоо амжилттай биелүүлэхэд чухал ач холбогдолтой хөрөнгө оруулалт болж байна” хэмээсэн.
Цаг агаарын эрс тэс нөхцөл, бартаатай замаар хол зайд зорчих зэргээс шалтгаалан хөдөө орон нутгийн иргэд эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээг цаг алдалгүй авахад хүндрэл учирдаг. Тулгамдсан энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор бартаат замын хүчирхэг ачааны машин дээр суурилуулж, иж бүрэн тоноглосон нүүдлийн эмнэлгүүдийн тусламжтайгаар хамгийн алслагдсан нутагт амьдардаг хөдөөгийн иргэддээ хүрч үйлчлэх боломж бүрдэж буйг Элчин сайд Игавахара Масарү, Суурин төлөөлөгч Шэннон Коулин нар ёслолын үеэр хэлсэн үгэндээ онцлон дурдаж байсан. Тэд улс орон даяар зонхилон тохиолдох өвчнийг эрт илрүүлэх, иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах Засгийн газрын хүчин чармайлтыг дэмжиж буй гэдгээ ч хэлсэн.
Монгол Улс болон АХБ, Ядуурлыг бууруулах Японы сангийн хэлэлцээрийн дагуу 5 сая ам.долларын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Цар тахлын эсрэг шуурхай арга хэмжээ авах эрүүл мэндийн тогтолцооны чадавхыг бэхжүүлэх” МОН-9218 төслийн хүрээнд Явуулын үзлэг, оношилгоо, шинжилгээ хийх иж бүрэн тоноглогдсон эдгээр автомашинаас гадна 585 вакцинжуулалтын цэгүүдэд үйл ажиллагааг нь бэхжүүлэх бараа, тоног төхөөрөмж, аймгийн Зоонозын өвчин судлалын төвүүд болон хилийн боомтуудад нийт 11 иж бүрэн молекул биологийн лабораторийн тоног төхөөрөмж, гурван суурин рентген аппарат, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн лаборатори, Зоонозын өвчин судлалын үндэсний төв болон хээрийн тандалтын нэгжүүдэд холбогдох багаж хэрэгслүүдийг амжилттай нийлүүлж ашиглалтад оруулаад байгаа юм. Мөн Үндэсний төвүүдээр дамжуулан дархлаажуулалтын эмч, вакцинаторууд болон бусад эмнэлгийн болон эмнэлгийн бус салбарын мэргэжилтнүүдэд зориулсан Ковид-19 цар тахлын дараах сургалтуудыг амжилттай зохион байгуулсан байна.
Нүүдлийн эмнэлгийн зориулалтаар иж бүрэн тоноглосон хоёр автомашины нэгд нь лабораторийн шинжилгээ, дурангийн оношилгоо, эмэгтэйчүүдийн үзлэг хийх боломжтой юм. Энэ машинд гематологийн анализатор, биохими, шээсний хагас автомат анализатор, лабораторийн хөргөгчөөс гадна дурангийн оношилгооны иж бүрэн тоног төхөөрөмж, үзлэгийн ор, зөөврийн компьютер, принтер, ариутгал халдваргүйжүүлэлт хийх багаж тоног төхөөрөмжийг ч суурилуулсан байна.
Харин хоёр дахь машинд рентген оношилгооны иж бүрэн тоног төхөөрөмж, шүд, чих хамар хоолой, нүд, дотрын эмчийн үзлэг хийх бүх багаж хэрэгсэл бий. Тухайлбал, зөөврийн рентген аппарат, эмчийн ширээ, сандал, шүдний үзлэгийн сандал багаж, шүдний рентген аппарат, автоклав, шүдний чулуу, өнгөр цэвэрлэх чичиргээт машин, шүлс соруулах зөөврийн аппарат, зүрх, тархины цахилгаан бичлэгийн аппарат, зөөврийн эхо, ясны сийрэгжилт тодорхойлох аппарат зэрэг олон төрлийн багаж тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон.
Эдгээр машинд хөгжлийн бэрхшээлтэй тэргэнцэртэй хүн орж гарах зориулалтын хаалга шат, цахилгаан үүсгүүр, хиймэл дагуулын интернэт үйлчилгээг ашиглах төхөөрөмжийг ч хийж өгснөөрөө онцлог юм байна гэж Эрүүл Мэндийн Яамнаас мэдээлэв.