Эрүүл Мэндийн Яам(ЭМЯ)-наас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийх үеэр удахгүй болох Цагаан сарын баяраар иргэдийн зөв хооллолттой холбоотой мэдээллийг өглөө.
УНТЭ-ийн Гастроэнтерологийн төвийн их эмч, Анагаах ухааны доктор Б.Болормаа хэлэхдээ “Цагаан сарын баярын дараа хоол боловсруулах эрхтэн тогтолцооны үрэвслүүд нэмэгдэж, иргэдийн эмнэлэгт хандах нь ихсэх байдал ажиглагддаг. Энэхүү баяр бол аав ээж, эмээ, өвөөгөө хүндлэн золгож, ах, дүү, хамаатан саднаараа уулзаж ажил амьдралынхаа сайн сайхныг солилцдог баяр болохоос биш архи ууж, наргидаг баяр биш. Нэгдүгээрт архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэнтэй холбоотой хүндрэл үүсдэг. Тухайлбал нойр булчирхайн цочмог үрэвсэл мөн элэгний архаг эмгэг, ходоодны шарх сэдэрдэг.
Баярын хүнсэнд хэрэглэж байгаа идээ зоогоос харвал зохистой хэрэглэх бүтээгдэхүүнүүд байдаг.
Тэгэхээр өдөрт хэдэн бууз идэхээ тооцож идэх хэрэгтэй. Майонез, төмс болон ккал ихтэй бүтээгдэхүүнээр бэлдсэн хоол хүнсийг багасгаж, махан хоолтой шингэх ногоонуудыг түлхүү хэрэглээсэй гэж бодож байна. Гэрийн эзэгтэй нараас их зүйл шалтгаална.
Мөн хоол боловсруулах эрхтэн тогтолцооны архаг эмгэгтэй хүмүүсийн баримтлах дэглэм нь Цагаан сарын үеэр хэвээрээ гэдгийг санаарай. Уудаг хэрэглэдэг эм тангаа тасралтгүй хэрэглэхийг зөвлөж байна” гэлээ.
Цагаан сарын баяраар хүнсний бүтээгдэхүүнийг бэлтгэх хадгалахдаа дараах зөвлөмжийг дагаж мөрдөхийг зөвлөмжийг ХӨСҮТ-ийн захирал Байгальмаа хүргэлээ. Тэрбээр хэлэхдээ
- Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн он сар өдөр, хадгалалтын хугацаа болон нөхцөлийг сайтар шалгах
- Лаазалсан, нөөшилсөн, хагас боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнд ан цав үүссэн, чанар байдал нь алдагдсан эсэхийг заавал шалгаж авах.
- Өндөг өндгөн бүтээгдэхүүн, Майонез, кремтэй бялуу, жигнэмэг зэрэг хөргүүрт хадгалах ёстой бүтээгдэхүүний хөргүүртэй газраас худалдан авах хэрэгтэй
- Баярын ширээн дээр ууц, чанасан мах тавихдаа удаа хугацаагаар ил задгай тавихгүй байхад анхаарч , шөнөдөө сэрүүн газар хадгалж хэрэглэх
- Бууз, салат зэрэг бүтээгдэхүүнийг хонуулж хэрэглэхээс татгалзах хэрэгтэй
- Түүхийгээр хэрэглэдэг жимс ногоогоо сайтар угааж хэрэглэх
- Хоол хүнсээ сайтар чанаж болгох
- Ундны усыг заавал буцалгаж хэрэглэхийг зөвлөж байна.
Хоолны хордлогот халдварын өвчлөлийн шинж тэмдэг:
- 24 цаг буюу нэг хоногт гурав буюу түүнээс дээш хугацаагаар суулгах, бөөлжих,
- 37.5 градусаас дээш халуурвал ХӨСҮТ, болон өрхийн эмнэлэгтээ хандана уу хэмээв.