Украины зэвсэгт хүчин Крымийн хойгийн ойролцоо Хар тэнгист Оросын флотын “Ивановец” байлдааны хөлгийг живүүлснээ мэдээллээ.
Тус улсын цэргийн тагнуулын алба хэд хэдэн тэнгисийн дрон Оросын хөлөгт довтолж, дэлбэлж, живүүлж байгааг харуулсан дүрс бичлэгийг сошиал хуудсандаа нийтэлсэн байна.
“Ивановец” хөлөг сүйрснийг Оросын цэрэг дайны сэдвээр дагнадаг блогчид бас баталжээ.
Үүнээс хойш хэдэн цагийн дараа Өрнөдийн албаныхан бас Украинчууд амжилттай довтолсон нь үнэн байх өндөр магадлалтайг мэдэгдсэн байна.
“Эх биед нь хэд хэдэн удаа шууд цохилт өгсний үр дүнд хөлөг эвдэрч, живсэн. Уг хөлөг онгоцны үнэ ойролцоогоор $60-$70 сая юм” гэж Украины батлан хамгаалах яам мэдээлжээ.
“Ивановец” бол 40 орчим хүний бүрэлдэхүүнтэй пуужин тээвэрлэгч хөлөг онгоц юм. ОХУ-ын батлан хамгаалах яам энэ талаар ямар нэг мэдээлэл өгөөгүй байна.
Харин албан бус эх сурвалжууд “Ивановец” хөлөг живснийг баталжээ.
Тухайлбал Оросын нөлөө бүхий блогчин Анастасия Кашеварова “Өнгөрсөн шөнө дайснууд манай пуужин тээвэрлэгч Ивановец хөлгийг живүүлжээ” гэж Телеграм хуудсандаа бичсэн байна.
Өөр нэг блогчин хөлөг гурван удаа цохилтод өртсөний улмаас живсэн, багийнхан хөлгөө аврахын тулд сүүлчийн боломжоо шавхаж ажилласан талаар бичжээ.
Дайн эхэлсэн цагаас хойш Украины арми Оросын флотын хэд хэдэн хөлгийг устгаж, Хар тэнгис дэх ноёрхлыг нь аажим аажмаар сулруулж байгаа.
Үр дүнд нь Оросын тал байлдааны хөлгүүдээ Крымийн боомтоос эх газар дахь Новороссийск боомт руу шилжүүлж, Украины тал үр тарианы экспортоо Хар тэнгисээр явуулах боломжтой болсон.
Украинчууд зайнаас удирдагддаг тэнгисийн дрон бүтээх ур чадвараа нэлээд нэмэгдүүлсэн нь эндээс харагдаж байна.
Их Британийн батлан хамгаалахын сайд Грант Шаппс өнгөрсөн оны сүүлийн дөрвөн сарын хугацаанд Оросын Хар тэнгисийн флот нийт байлдааны хөлгийнхөө 20 хувийг алдсан тухай мэдээлсэн юм.