Өнгөрсөн Ням гарагт Йорданы нутаг дахь цэргийн баазад дроноор халдаж, алба хаагчдын амийг хөнөөсөн үйлдлийн хариу арга хэмжээг авахаар АНУ-ын засаг захиргаа төлөвлөж байгаа билээ.
Уг халдлагыг Иракт байрладаг Ираны дэмжлэгтэй зэвсэгт бүлэглэл үйлдсэнээ хүлээсэн юм.
Тэгвэл хариу арга хэмжээний төлөвлөгөө батлагдсан, ойрын өдрүүдэд хэрэгжүүлэхээр болсныг АНУ-ын албаны эх сурвалж өчигдөр хэвлэлд мэдээлжээ.
Төлөвлөгөөний дагуу Сири, Ирак дахь Ираны эзэмшлийн байгууламжуудад олон удаагийн агаарын цохилт өгөхөөр болсон байна.
Ажиллагааг ойрын өдрүүдэд гүйцэтгэх гэнэ.
Ням гарагийн халдлагын үеэр Йорданы хойд хилийн ойролцоо оршдог “Tower 22” нэртэй баазад алба хааж байсан гурван цэрэг алагдаж, 34 цэрэг шархадсан юм. Халдлагыг үйлдсэн нисгэгчгүй онгоц Иранд үйлдвэрлэгдсэн байсан гэж АНУ-ын тагнуулын алба мэдээлж байна.
“Бид АНУ, түүний ашиг сонирхол, ард иргэдийг батлан хамгаалахад шаардлагатай бүх арга хэмжээг авах болно. Бид сонгосон газартаа сонгосон цагтаа сонгосон арга замаараа цохилтыг гүйцэтгэнэ” гэж Пентагоны тэргүүн Ллойд Остин өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.
Мэргэжилтнүүдийн дүгнэлтээр цохилтын цаг хугацаа тухайн бүс нутгийн уур амьсгалын нөхцөл байдлаас хамаарах гэнэ. Өөрөөр хэлбэл үзэгдэх орчин сайн байх үед агаараар алсын цохилт гүйцэтгэвэл оновч сайтай, иргэдийг хэлмэгдүүлэхээс сэргийлэх юм байна.
Сүүлийн өдрүүдэд Бүгд Найрамдах намын улс төрчид хатуу хариу арга хэмжээ авахыг ерөнхийлөгч Жо Байденаас олон удаа шаардаж байв. Зарим нь бүр Ираны нутаг дэвсгэрт цохилт өгөхийг уриалж байлаа.
Гэвч Байден болон түүний засаг захиргааны хүмүүс арга хэмжээг дайн дэгдээх хэмжээнд хүргэхгүй гэсэн байр суурь илэрхийлж байгаа.
Газын зурваст Хамас-Израилийн дайн эхэлснээс хойш Ойрх Дорнод дахь АНУ-ын цэргийн баазууд хэд хэдэн удаа Ираны дэмжлэгтэй зэвсэгт бүлэглэлүүдийн халдлагад өртсөн.
Гэхдээ Йорданы баазад гарсан халдлагын үеэр анх удаа АНУ-ын цэргийн алба хаагчид амь үрэгдсэн юм.
Одоогоор АНУ болон түүний холбоотнууд Улаан тэнгисийн ачаа тээврийн замд аюул учруулж буй Ираны холбоотон Йемений босогчдын байрлалд агаараас довтолж байгаа.