Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар осолд өртсөн оршин суугчдын хохирлыг барагдуулах болон орон сууцыг засварлах талаар мэдээлэл өгчээ.
Тэрбээр “Хамгийн түрүүнд оршин суугчдын хохирлыг барагдуулах ажлууд хийгдэж байна.
Мэргэжлийн байгууллагууд шатсан орон сууцны барилгын үндсэн хийцлэлд өөрчлөлт орсон эсэх талаар дүгнэлтээ гаргасны дараа яаралтай сэргээн засаж, айлуудыг хохиролгүй болгоно.
Барилгын хийцлэлд нөлөөлөл үзүүлэхгүй гэсэн дүгнэлт гарвал засвар хийх компаниудтай гэрээ хийхэд бэлэн байна. Айлуудыг хохиролгүй болгох хөрөнгийг нийслэл шийдэх хэдий ч осол гаргасан гэм буруутай этгээдүүдээр нөхөн төлүүлнэ.
Даатгалтай орон сууцнуудын хохирлыг даатгалын компаниудаар төлүүлэхээр ажиллаж байна” гэв.
Галд өртсөн “Edu Apartment” хотхон, Sunny town хоёр хороололд 127 иргэн орон сууцны ипотекийн зээлтэй. Эдгээрээс 72 зээлдэгч амь нас буюу эд хөрөнгийн даатгалтай. Энэ хөрөнгийн үнэлгээ 10.1 тэрбум орчим төгрөг байгааг Санхүүгийн Зохицуулах Хорооноос мэдээлсэн юм.