2016, 2017, 2020,2021 оны Улс төрийн сонгуулийн харилцааны гол дайны талбар яах аргагүй сошиал медиа, нийгмийн сүлжээ хэрэгслүүд байсан. Миний мэдэхээр 2016 оны сонгуулиар маш олон жүжигчин, дуучин, улс төрч, нийтлэлчдэд улс төрийн зорилгоор гаднаас олон дагагчтай хаяг авч өгч ашиглуулаад, тэр суурин дээр ч хүмүүс олон дагагчтай гэж нэмж дагаад хөгжсөн зүйл байдаг. Нөгөө талаар олон дагагчтай хаягаас гадна улс төрчид, нам тэр дундаа эрх баригч нам өөртөө сошиал тролл хаягтай ч гэдэг. 2017 оны сонгуулиар бол М.Энхболд, Х.Баттулга хоёр байшин, байшин хүмүүс суулгаж оюутан залуучуудыг ажлуулж “мэдээллийн дайн”-ыг хийсэн нь үнэн. Гэхдээ энэ удаад олон дагагчтай хаягууд яаж таньд нөлөөлдөг, яагаад таньд нөлөөлдөг вэ гэдгийг тайлбарлъя аа.
Нэг: “Нийгмийн нотолгоо”-ны онолын дагуу хүмүүс шийдвэр гаргахдаа нийгмийн шинж тэмдэг, олонхийн баримталж байгаа байр суурийг дагадаг гэж үздэг. Хүмүүс олон тооны дагагчтай хүнийг харахдаа түүнийг дагаж, мөрдөх нь ямар нэгэн үнэ цэнэтэй гэсэн мэдрэмжийг авдаг. Олон хүн тэр хүнийг дагачихсан байгаа нь дагах ямар нэгэн шалтгаан байна гэдэг сэдлээс үүдэн дагаж эхэлдэг гэсэн үг. Ер нь суурь 50 мянган дагагчийг ботоор өгөөд, дундаж контент хийгээд түлхэхэд 6 сарын дотор 100 мянган дагагч болох магадлалтай. Нөгөө 50 мянган дагагч нь жинхэнэ хаяг болно гэсэн үг. Яг үүн шиг 100 мянган дагагчтай хүн энэ байр суурийг илэрхийлж, түүнийг нь олон мянган хүн дэмжсэн байна гэдгийг харах үедээ та тэр байр суурийг дэмжиж эхэлнэ гэсэн үг. 2017 оны сонгуулиар ажилласныхаа дараа би “юунд ч итгэхээ болих” сэтгэл гутралд шахуу өртсөн байх аа. “Нийгмийн нотолгоо”-ны онолыг Robert Cialdini гэх эрдэмтэн маш ойлгомжтойгоор тайлбарласан ном байдаг шүү уншаарай. Эндээс хийдэг дүгнэлт маань “нийгэм, эсвэл бусад хүн юу гэх нь хамаагүй би юу гэж мэдэрч, юу гэж харж байна” гэдгээ тодорхой болгох буюу “Өөрийн гэсэн үзэл бодолтой, байр суурьтай байх” юм.
2021 онд би үсээ улбар шараар будуулахдаа “Ийм байж болохгүй”, “Сэтгэлд гутралд орсон” эсвэл “Амьдралаа өөрчлөхөөр шийдсэн”, “Золбин харагдаж байна” гэх мэт комментуудыг сонсож байсан бол дараа нь үсээ эрэгтэй халимаг болгоход “Хавдар тусчихсан юм уу”, “Коммунист шиг харагдаж байна” зэрэг маш олон байр суурийг сонсож байсан юм байна. Дотроо энэ хүмүүст ямар хамаа байна гэж бодох ч хүмүүсийн олон коммент тодорхой хэмжээгээр надад нөлөөлж л байсан.
Монголын нийгэмд дан ялангуяа өөрийн гэсэн бодолгүй, байр суурьгүй, түүнийгээ хамгаалдаггүй хүмүүсээр дүүрэн байдаг нь гадаад хүчин зүйлээр дүгнэлт хийх хандлага хүчтэй байхад нөлөөлдөг юм шиг санагддаг. Ийм байж болно, болохгүй гэдэг хэм хэмжээгээ өөрөө өөртөө залуудаа олж авахгүй бол нийгмийн шалгуураар дөрлүүлсээр яваад төгсгөлд нь “өөрийгөө ололгүй” дуусна шүү.
Нөгөө талаар нөхцөл байдал тодорхойгүй байх тусмаа хүмүүсийн нийгмийн үнэлэмжээр шийдвэр гаргах магадлал нэмэгддэг.
Тиймээс одоогийн улс төрчид, эрх баригчдад нөхцөл байдлыг улам тодорхойгүй болгож, тэр суурин дээр өөрийн олон дагагчтай нөлөөлөгчдөөр байр суурь илэрхийлүүлж, түүнийг нь тролл хаягаар зохион байгуулалтаар коммент элдэв дэмжсэн байр сууриар бөмбөгдөж хөрсөө бэлдээд “өөрсдийнхөө байр суурь”-ийг нийгэмд хоногшуулж олон нийтээр өөрсдийнхөө хүссэн шийдвэрийг гаргуулдаг. Тэгээд л энэ олон хэвлэл, энэ олон сенсаци дунд таны толгой эргэх тусмаа та олонхийн шийдвэрийг дагадаг болно доо.
Гитлерийн жишээ дээр л гэхэд Германд дайнаас учирсан эдийн засгийн хүндрэл, улс төрийн тогтворгүй байдал айдас тодорхойгүй байдлыг нийгэмд хүчтэй үүсгэсэн тул иргэдэд үзэл санаа тулгахад “амархан” байсан гэж үздэг. Монголын нийгэмд ч завсаргүй их эмгэнэлт мэдээ, хэрүүл шуугиан дэгддэг нь зарим талаараа улс төрчдийн л санаатайгаар зохион байгуулж, дэвэргэдэг зүйл. Түүнээс сүүлийн 30 жил монголын эдийн засаг өссөн, 1990 онтой харьцуулахад нөхцөл байдал дээрдсэн. Эрх баригч нам бол өөрийнх нь эсрэг гарч ирж байгаа сөрөг хүчин, залуу улс төрчдийг “сошиалаар цовдлох”-доо мэргэшчихсэн. Сүүлийн 8 жил МАН төр барихад бүх асуудалд АН буруудаад, сүүлдээ нөгөө боловсролгүй гэж шошголдог Женко нь хүртэл сошиалд “Боловсролын зээлийн сан”-д буруутай болж үлдсэн.
Сошиал дагагчийн тоо, бусдын бичсэн коммент пост таньд яаж нөлөөлдөг вэ гэдгийн дараагийн жишээ нь МАН сүүлийн 8 жил төр барихдаа “авлигатай тэмцэнэ” гэдэг үгийг хамгийн их хэлсэн. Та нар муу хулгайчид гээд иргэд хэлэхээр бүр сүүлдээ намын дарга нь “Харин тийм ээ бид нар өөрсөдтэйгөө тэмцэж байнаа” гээд гүлдийсээр дуусч байна. Харин нийгмийн сүлжээнд хамгийн их дагагчтай хүмүүсээр “Оюун -Эрдэнэ шударга бустай тэмцсэн” гэдэг агуулгыг хэлүүлж, хамгийн их коммент бичүүлснээр “МАН өөрөө хулгайч биш намын дарга, Ерөнхий сайд нь өөрөө шударга ёсны эрэлчин” болж бид дүгнэж байна даа.
Ингэж л бид дахин дахин нөгөө хүмүүсээ сонгож, сонгогдохоор нь “хүүе ээ” гэж гайхсаар л хоцорцгоож байна. Хүн бүр дор бүрнээ өөрийн гэсэн эрүүл ухаантай байхтун.