“Парис 2024” олимпын наадам дөхөж буй энэ үед жүдочид завгүй явна. Португалд болсон Гранпри тэмцээнд 90 орны 624 жүдоч оролцлоо. Манай улсаас нийт 15 жүдоч Иберийн хойгийг зорьж хоёр хүрэл медаль хүртэв.

Эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Наранцэцэг “С” хэсгээ толгойлж эхний тойрогт хийлээд Израилийн Тамар Малка, Колумбын Эрика Лассог буулган авч хэсгийн аваргын төлөө Японы Хикари Ёшиокад дийлдсэн юм.

Улмаар дагах барилдаанд Сербийн Андреа Стоядиновыг, хүрлийн төлөө БНАСАУ-ын Су Ён Жоныг ялснаар хүрэл медаль хүртэв. Энэ жинд манай тамирчныг ялсан Х.Ёшиока нутаг нэгт Кано Миякиг ялснаар алтан медаль зүүлээ.

Эрэгтэйчүүдийн -100 кг-д Б.Гончигсүрэн эхний тойрогт хийлсэн. Түүнтэй Бениний ахмад жүдоч Келтус Доссоу учраа таарсан ч дэвжээнд гараагүй юм. Хөлс гаргалгүй хоёр давсан манай жүдоч Германы Жорж Удсилауриг ялаад хэсгийн аваргын төлөө Испанийн Николоз Шеразадишвилид ялагджээ.

Дагах барилдаанд Киприйн Жоржос Кроуссаниотакисийг ялаад хүрлийн төлөө Японы Кайто Гринийг илүүрхсэнээр медалийн тавцанд гишгэлээ.

Хоёр медаль авснаар манай жүдочид багийн дүнгээр 15-д бичигдлээ.

Манай тамирчдын дараагийн зогсоол “Парис 2024” Их Дуулга. Ирэх сарын 2-4-нд болох тус Их Дуулгад манай улсаас эрэгтэй найм, эмэгтэй 10 тамирчин оролцохоор төлөвлөжээ.

50 дахь жилийнхээ ойг тэмдэглэж буй гэдгээрээ Парисын тэмцээнд өнөө цагийн шилдгүүд бүгд оролцох төлөвтэй. Францын алдарт Тедди Ринер аварга хүртэл хөлсөө гаргахаар бэлдэж байна. Өнгөрсөн жил 82 орны жүдочид медалийн төлөө өрсөлдсөн бол энэ жил 111 орны 669 жүдоч оролцохоор мэдүүлэг өгчээ.

By Enkhjin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн