Ёкозүна Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ нэгдүгээр сарын башёгийн ялагч боллоо.
Тэмцээний сүүлийн өдөр аварга Теронофүжи Г.Ган-Эрдэнэ болон секиваки Котоновака нар ижил 12 даваатайгаар тэргүүлж байв. Аварга Г.Ган-Эрдэнэ озеки Киришимаг, Котоновака Тобизарүг тус тус ялснаар түрүү бөх нэмэлт барилдаанаар шийдэгдэх болов.
Улмаар нэмэлт барилдаанд өрсөлдөгчөө унагаснаар Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ Эзэн хааны цомыг ес дэх удаагаа хүртлээ.
Гэмтлийн улмаас гурван тэмцээн дараалан өнжсөн Терүнофүжид Ёкозүнагийн зөвлөл сануулга өгснөөр энэ сарын башёд барилдахаар болсон билээ.
Тэрбээр Эзэн хааны цомыг өнгөрсөн тавдугаар сард хүртсэн. Ингээд долдугаар сарын башёг гэмтлийн улмаас орхиж дөрвөн сар дэвжээнд гараагүй юм. Энэ хугацаанд өвдгөндөө хагалгаа хийлгэжээ.
Терүнофүжи дээд зиндаанд ес ба түүнээс дээш түрүүлсэн 20 дахь сүмоч. Монгол аваргуудаас Хакүхо М.Даваажаргал 45, Асашорюү Д.Дагвадорж 25, Харүмафүжи Д.Бямбадорж ес түрүүлсэн билээ.