Дүнжингаравын уулзварт энэ сарын 23-наас 24-нд шилжих шөнө газ тээвэрлэж явсан том оврын машин болон суудлын автомашин мөргөлдөж томоохон хэмжээний дэлбэрэлт болсон.
Тус дэлбэрэлтийн улмаас ойр орчимд байсан аж ахуйн нэгжүүдийн барилга, иргэдийн орон сууц, автомашин шатаж ихээхэн хэмжээний хохирол үүсээд байгаа билээ.
“Ипотекийн зээл авсан зээлдэгчдийн 10 гаруй хувь нь л даатгалаа хийлгэсэн байна”
Энэ талаар Монголын Даатгалын холбоо “Гал түймрийн улмаас эд хөрөнгөөрөө хохирсон иргэд даатгалын компани луугаа болон манай холбоо руу холбогдож зөвлөгөө мэдээлэл авах хэрэгтэй.
Орон сууцаа зээлээр авсан бол анх зээл авахад нь банк даатгал хийлгүүлдэг. Гэвч иргэд эхний хэдэн жилдээ даатгалын хураамжаа төлж байгаад гурав, дөрөв дэх жилээсээ төлөхгүй хаячихдаг. Даатгалын зарчмаараа хураамж төлөөгүй бол нөхөн төлбөр олгож чадахгүй.
Ипотекийн зээл авсан зээлдэгчдийн 10 гаруй хувь нь л даатгалаа хийлгэсэн байна. Тийм жишээ их байгаа учраас хандаж ирэх нь цөөхөн байгаа ч эсрэг байрных нь цонх хагарсан зэрэг шалтгаанаар нэхэмжлэл гаргаж байгаа иргэд байна.
60 айлын орон сууцанд бол нөхөн төлбөрийн 100 хувь олгохоор шийдвэрлэсэн юм байна” гэв.
“Аль эрсдэлийг сонгож даатгуулах нь жолоочийн өөрийн сонголт. Олон эрсдэлийг сонгох тусам даатгалын хураамж нэмэгддэг”
Автомашины даатгалын хувьд жолооч өөрөө сайн дураараа даатгалын компанид даатгуулсан тохиолдолд автомашиндаа учирсан хохирлоо барагдуулах боломжтой байдаг.
Тус даатгал нь дотроо осол гэмтэл, хулгайд алдагдах, галд шатах, ус чийгт автах зэрэг эрсдэлийн олон төрөлтэй байдаг бөгөөд аль эрсдэлийг сонгож даатгуулах нь жолоочийн өөрийн сонголт. Олон эрсдэлийг сонгох тусам даатгалын хураамж нэмэгддэг байна.
Иймд жолооч галд шатах эрсдэлийг сонгож даатгуулаагүй бол нөхөн төлбөр авах боломжгүй гэдгийг Монголын Даатгалын Холбооноос мэдээллээ.