АН-аас өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, хулгайн асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Эрх баригч нам хулгайг хэзээ ч битгий мартаарай, бид байнга сануулах болно гэв.
Энэ талаар Ардчилсан Намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж “Монгол оронд сүүлийн найман жилийн хугацаанд хулгай, авлигалаа ярьсаар дээшээ хөгжих биш, хойшоо ухарсан жилийг үдэж, ээлжит сонгуулийн жил эхэлж байна. Ээлжит сонгуулийн жил эхэлж буйтай уялдуулан хэд, хэдэн тоо баримтыг сануулъя.
2019 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр ЖДҮХСангийн 49 хүнийг хулгайтай холбон зарласан. Уг сангийн 96.2 тэрбум төгрөгийн хулгайд хэн хариуцлага хүлээсэн бэ?
Нүүрсний 40 их наядын хулгай. АН-аас шахаж байж сонсгол явуулсан. 40 их наядын хулгайд өөрсдийн төлөөний хүмүүсээ, нүүрсний хулгай болон авлигын төлөө дуугарсан эгэл жирийн иргэдээ хорьдог тогтолцоог өнгөрсөн хугацаанд харлаа.
Хөгжлийн Банкны 2.3 их наядын хулгай. 2022 оны нэгдүгээр сарын 31-нд 34 хүнийг уг банкны хулгайтай холбоотойгоор зарласан ч өнөөдөр хэн ч хариуцлага хүлээгээгүй.
КОВИД-ийн үеийн 20.3 их наядын хулгай. Сонгуулийн тухай хуульд хэн нэгний нэр хүндийг унагасан тохиолдолд хууль зөрчинө гэж заасан. Өнөөдөр хэн ч хэн нэгний нэрийг цохоод хулгай хийсэн, ард түмнийг доромжилсон, монгол орны эдийн засгийн хөгжлийг хойш татсан талаар дуугарах эрхгүй болсон байгаа. Ард түмнийг улны гэж цоллосон тэр эмэгтэй энэ их хулгайд хариуцлага хүлээсэн үү?. КОВИД-ын хулгайтай холбоотойгоор хэн хариуцлага хүлээсэн гэдгийг асуумаар байна.
Ард түмэнд 328 тэрбум төгрөгөөр БНСУ-аас хуучин автобусыг худалдаж авчраад шахах гэсэн нь үйлдэл дээрээ баригдсан. Ногоон автобусны асуудалд хэн хариуцлага хүлээсэн бэ, нээлттэй сонсгол хийхийг АН шаардсаар байгаа.
Улаанбаатар хотод замын түгжрэл, утааны асуудал тулгамдсан. Гэвч эрх баригч нам Аз жаргалтай Улаанбаатар гэж өөрсдийгөө цоллож буй. Утаагүй Улаанбаатар хот эргэн ирлээ гэж “Тавантолгой” түлш компани ажилчдадаа 1.1 тэрбум төгрөгийг урамшуулал болгож өгдөг.
Харамсалтай нь Аз жаргалтай Улаанбаатар дэлхийд утаа ихтэйгээрээ нэгт жагсаж, хорт хавдрын өвчлөл, нас баралтаар тэргүүлж байна.
Энэ их хулгайгаар бид гэр хорооллыг орон сууцжуулах, метро барих, ААН-үүдийг дэмжих боломжуудыг алдлаа” хэмээн ярилаа.