УИХ-ын 2023 оны намрын ээлжит чуулганы хаалтын хуралдаан өнөөдөр болж байгаа билээ.
Тус хуралдаанаар өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 20-нд Засгийн газраас өргөн барьсан “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэг болж, 69.8 хувийн саналаар батлагдсан юм.
Хэлэлцүүлгийн үеэр тогтоолын төсөлтэй холбогдуулан анхаарах ёстой зүйл, заалтын талаар УИХ-ын гишүүн, Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ үг хэлэв.
Тэрбээр “Монгол орны байгалийн баялагтай холбоотой зүйл тун хүнд. Одоо яригдаж буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн цаад талд юу нуугдаж байна вэ. Хармагтайн ордоос эхлүүлээд томоохон орд газруудын хулгай хийх гээд сууж байгаа юм биш үү гэсэн хардлага байгаа.
Оюутолгойн ордод гэрээ хийх тухай асуудал яригдахад 2005, 2006 оноос Сингапурт очиж сууж байгаад Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулсан.
Монголын тал байгалийн баялагтаа үнэ төлбөргүй хувьцаа эзэмших хуулийн төслийг үгүй хийсэн. “Айвэнхоу майнз”-ын Роберт Фрийдланд гэдэг луйварчинд өгсөн. Тэр нь дамжаад Рио Тинтод өгсөн, өнөөдөр ямархуу байдалтай явж байгаа билээ.
Улс орны газар шороотой зүйл дээр туйлын анхаарал болгоомжтой шийдвэр гаргах хэрэгтэй. Монголчууд өөрийнхөө орон гэрээр тоглож болохгүй гэж ярьдаг” гэв.