Фото REUTERS / Damir Sagolj
Гуамын арал дахь Америкийн цэргийн баазуудад пуужингийн урьдчилсан цохилт өгөх төлөвлөгөөнийхөө талаар Пхеньян мэдээлсэн. Трамп хариуд нь өмнө байгаагүй “галын болон хилэнт цохилт”-ыг хийнэ гэж Пхеньянд анхаарууллаа. Одоо Lockheed Martin, Northrop Grumman зэрэг цэргийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниудын хувьцааны үнэ дээд зэргээр өсч байна.
Цөмийн дайны үеэр хорогдох газар доорхи нуувч худалддаг Америкийн Rising S Co компани сүүлийн хоёр долоо хоногт худалдаа 90 хувиар нэмэгдлээ гэв. Цэргийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Lockheed Martin, Raytheon, Northrop Grumman, L3 Technologies компаниудын хувьцааны үнэ Ерөнхийлөгч Дональд Трамп болон Хойд Солонгосын Гуамын аралд цохилт өгнө гэсэн дайнч мэдэгдлүүдийн дараа ийнхүү дээд хэмжээгээр нэмэгдэж байгаа юм.
“Бид захиалгад дарагдаад байна. Хоёрхон долоо хоногт газар доорх нуувчийн худалдаа 90 хувиар нэмэгдлээ” гэж FoxNews телевизид Rising S Co компанийн ерөнхий менежер Гэри Линч дамжуулжээ. Техас мужийн Мерчесон хотод төв байр нь байдаг эл компанийн менежер дэлхий даяар бөмбөгнөөс хорогдох байр байгуулах ажил эрхэлдэг гэж мэдэгдсэн байна.
Нэн түрүүнд нуувч борлуулах худалдаа Японд өсчээ. “Хойд Солонгосын зүгээс Японд ноцтой аюул нүүрлээд байна. Хүмүүс түгшүүртэй болсон” гэж Линч тайлбарлав. Хойд Солонгос тив алгасан нисэх пуужин туршсан, эдгээр баллистик пуужингууд Америкийн нутаг дэвсгэрт хүрэх чадвартай гэсэн мэдээлэл гарахтай давхцан АНУ-д нуувчийн наймаа бас нэмэгдээд эхэлжээ. “Ердийн худалдаа нь АНУ-ын баруун эрэгт бусад нутаг орныхоос бага байсан юм. Гэтэл Хойд Солонгос АНУ-д цөмийн цохилт хийж чадна гэж зарласны дараа тэнд худалдаа бас л өсч байна” гэж Линч тэмдэглэв.
Хамгийн хямд, “хамгийн дээд чанарын стандарттай, өндөр чанарын болдоор босгосон газар доорхи мини-бункерын (2.5 x 4 м) үнэ $39500 бөгөөд тэр нь “хөх цамцны захтангуудын америк гэр бүлд зориулагдсан” гэж компанийн сайтад мэдээлжээ. “Аристократ” нэртэй, сауна, гарааш, боулингийн замтай, буудлагын тиртэй, усан сантай, биеийн тамирын танхимтай, хүлэмжтэй дээд ангиллын 50 хүний багтаамжтай нуувч нь $8.35 сая долларын үнэтэй гэнэ.
Пхеньян Вашингтоны зөрөлдөөний улмаас Lockheed Martin компанийн хувьцааны үнэ тав хоногийн дотор 3.57 хувиар нэмэгдэн нэг хувьцаа нь $306.3 доллараар зарагдах болсон нь түүхэн дээд амжилт юм гэж CNN Money сайтаар мэдээлжээ. Northrop Grumman хувьцаа мөн энэ хугацаанд 1.56 хувиар (нэг хувьцаа нь $272.97 доллар) нэмэгджээ.
Дайны аюул ноцтой юу?
БНАСАУ 2017 оны долдугаар сарын 4 ба 28-нд пуужин туршсан. АНУ ба Японы мэдээгээр эдгээр пуужингууд нь тив алгасан нисэх пуужингууд байлаа. Энэ хоёр удаагийн туршилтаа амжилттай гэж БНАСАУ мэдэгдсэн юм. Наймдугаар сарын 5-нд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Хойд Солонгосын эсрэг авсан хориг арга хэмжээгээ чангатгасан тогтоол гаргасан байв.
Тогтоолоор Хойд Солонгост төмрийн хүдэр, төмөр, тугалга, цайр, нүүрс нийлүүлэхийг хориглосон ба БНАСАУ-ын Гадаад худалдааны банкуудын дансын битүүмжлэв. Мөн энэ хоригийг зөрчсөн Хойд Солонгосын хөлөг онгоцнуудад бүх гадаад орнуудын боомтод орохыг хоригложээ. Үүний дараа Вашингтон ба Пхеньяны хооронд харилцан занал хийсэн мэдэгдлүүд газар авч эхэлжээ
Хойд Солонгосын Цахилгаан мэдээний төв агентлаг наймдугаар сарын 9-нд мэдээлэхдээ Солонгосын ардын арми Номхон далайн Гуамын арал дахь Америкийн цэргийн стратегийн байгууламжуудад тэдний тоонд стратегийн бөмбөгдөгч B-52 ба B-1B онгоцнууд байрладаг Андерсоны нисэхийн баазад пуужингийн урьдчилсан цохилт хийх төлөвлөгөөг боловсруулж байна гэсэн юм.
Тэр өдөр нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосоос заналхийхээ зогсоохыг шаардсан юм. Дараагийн сануулга нь Пентагоноос гарлаа. АНУ-ын Батлан хамгаалахын сайд БНАСАУ-д хандан өөрийгөө тусгаарлан хаах болон цөмийн зэвсэгтэй байх эрмэлзлээ зогсоохыг уриалсан байгаа. “БНАСАУ цөмийн хөтөлбөрөөсөө татгалзаж, дэглэм ба ард түмнээ мөхөөх алхамаас татгалзах ёстой” гэж Пентагоны тэргүүн Жеймс Мэттисын мэдэгдэлд өгүүлсэн байлаа.
М.ЭРДЭС