“Монгол хэл, бичгийн асуудал, шийдэл” үндэсний чуулган Соёлын төв өргөөнд өнөөдөр болж байна.
Чуулганы үеэр “Монгол хэл бичгийн дархлаа, үнэлэмж” сэдэвт илтгэлийг Ардын багш, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн Ц.Өнөрбаян танилцуулсан юм.
“Хэлээр нь ялгаварлан гадуурхах хандлага цухалзаж эхэлсэн”
Тодорхой нэг хэлийг бусад хэлтэй харьцуулж баян, ядуу, хөгжсөн, хөгжөөгүй, чухал, чухал биш гэж үзэж болохгүй.
Англи хэл дэлхийн иргэдийн хэл, монгол хэл зөвхөн монгол үндэстний хэл гэж ялгаварлан гадуурхах сэтгэлгээ цухалзаж эхэлсэн байна. “Хил даваад л хэрэггүй монгол хэлээр яах юм бэ?” гэсэн сэтгэлгээтэй хүмүүс олширлоо.
Гадаад хэл сурах, сургахыг хэн ч эсэргүүцээгүй. Харин эхлээд монгол хэл, соёл, сэтгэлгээтэй болсны дараа дэлхийн боловсрол эзэмших нь чухал байх.
“Монгол хэл найрал хөгжимтэй адил олон аялгуу, баялаг өнгө аястай байвал дархлаа бат бөх оршино”
Аливаа хэлний дархлааг хамгаалж, унаган төрхийг хадгалсан нэг хүчин зүйл нь тухайн үндэстний хэлний доторх олон ястны аялгуу, аман аялгуу, салбар аман аялгуу юм.
Утга зохиолын хэлний суурь аялгууг хэт шүтэж, түүнд бусад аман аялгууг уусгах гэж хэт туйлширч болохгүй. Тодорхой нэг хэл дотроо олон аялгуу, аман аялгууны өнгө төрхтэй байх нь хэлний дархлааг хамгаалдаг.
Монгол хэл дөрөв, таван аялгуутай, тэдгээр нь дотроо олон аман аялгуутай. Энэ дундаас Халхын аялгуу нь Монголын утга зохиолын хэлний суурь аялгуу мөн боловч бусад аман аялгууг үл тоомсорлож, доромжлох, хазгай буруу аялгуутай гэж ад үзсэнээр бараг нэг аялгууг дуусгаж байгаа нь бидний судалгаанаас харагдсан. Үүнийг дагаад биет бус өв, соёл бүдгэрч, устаж байна.
Уг нь монгол хэл найрал хөгжимтэй адилхан олон аялгууны баялаг өнгө аястай байвал дархлаа бат бөх оршино гэж үзнэ.
“Хэлц хэрэглэхгүй, ойлгохгүй байгаа нь үндэстний соёл, сэтгэлгээ суларч буйн баримт”
Өнө эртний баялаг агуулгатай үндэсний уран зохиолыг уншиж судлах нь бага байна. Арвин баялаг хэлцийн санг ухаарч ойлгодог, хэрэглэдэг хүн цөөрсөөр.
Хэлцийг хэрэглэхгүй, ойлгохгүй байгаа нь монгол үндэстний соёл, сэтгэлгээ суларч буйн баримт юм.
“Монгол Улсын алсын хараа 2050”-д мэдлэг шингэсэн монгол хэлний хэрэглээг өргөжүүлэх гэсэн заалтыг бодитой хэрэгжүүлэхгүй байна.
Монгол хэлний дархлааг хадгалдаг хамгийн хүчирхэг хэрэглүүр бол аман ба бичгийн уран сайхны эх байдаг. Ийм учраас үндэсний уран зохиолыг уншдаг, ойлгодог, түүнийгээ эх хэлнийхээ баялаг, уран яруу, тансаг уянгалаг сан хөмрөг гэж үздэг монгол хүнийг олон болгохын төлөө төр засгаас эхлээд иргэн бүр анхаарах ёстой.
“Утга зохиол бага уншдаг болсноор хүний харилцааны хэл ядуурч байна”
“Монгол хэл бичгийн дархлаа, үнэлэмж” сэдвийн хүрээнд Ц.Өнөрбаян багшаас үргэлжлүүлэн тодруулснаа хүргэж байна.
Тэрбээр “Олон хэрэглэгчтэй хэл мөхөх аюулаас хол байдаг.
Монгол хэл мөхөх аюулаас хол байгаа. Гэхдээ мөхөл рүү түлхдэг хүчин зүйлс цухалзаж байна.
- Монгол хэлээрээ ярьдаг хүний тоо маш олон байх хэрэгтэй. Энэ бол хэлний дархлааг хадгалах хүчин зүйлсийн нэг.
- Олон хэл аялгууны өнгө төрхтэй хэл мөхөх аюулаас хол байдаг.
- Ардын аман зохиол, бичгийн уран зохиолыг маш сайн унших хэрэгтэй. Уншихгүй бол хэлний хэрэглээ ядуурах аюултай.
Хэлний дархлаанд нөлөөлдөг дараагийн хүчин зүйл бол харь хэлний нөлөөнд их автах явдал.
Орчин үед харь хэлийг шүтэж, эх хэлнийхээ хэрэглээнд анхаарал тавихаа больсон байна. Энэ бол монгол хэлний дархлааг сулруулах гол хүчин зүйл. Гадаад хэлийг сурахыг үгүйсгэж болохгүй. Гэхдээ эхлээд монгол хүн болсныхоо дараа дэлхийн хүн болох ёстой.
Сүүлийн үед монгол хэлээрээ ярьдаг хүмүүсийн тоо харьцангуй цөөрч байгаа нь анхаарах хүчин зүйл.
Ялангуяа залуусын дунд англи, монгол хольж ярих жишиг түгээмэл байна. Ядаж хүнтэй харилцахдаа хүртэл “Hi”, “Bye” гэж хэвшсэн харь хэлний нөлөө ажиглагдаж байна. Хүнтэй мэндлэхдээ “Юу байна” гэж юм гуйдаг сэтгэлгээтэй, нөгөөх нь “Юмгүй” гэдэг ядуу сэтгэлгээтэй.
Утга зохиол бага уншдаг болсноор хүний харилцааны хэл ядуурдаг. Үүнийг анхаарах хэрэгтэй” хэмээн хэллээ.