“Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл”-ийн талаар Монголын Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ)-аас Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар тус хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байгаа билээ.
Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын ерөнхийлөгч Д.Энхтүвшин “Гадаадын хөрөнгө оруулалтын шинэчилсэн найруулгын хуулийн төслийн талаар МҮХАҮТ-ыг төлөөлж байр сууриа илэрхийлье.
Монголын бизнес эрхлэгчдийн томоохон төлөөлөх байгууллагын хувьд санал хүсэлтээ илэрхийлж байгаа юм.
Энэхүү хуулийн төслийг нэлээд олон удаа хэлэлцсэн. МҮХАҮТ-ын зүгээс өмнө нь 60 орчим саналыг хүргүүлсэн бөгөөд зарим санал хуулийн төсөлд тусгагдаж орсон байна.
Хөрөнгө оруулалтын тухай хууль нь Монголд хөрөнгө оруулах сонирхолтой гадаадын хөрөнгө оруулагчдад өгөх томоохон дохио сигнал болох учраас тус хуулийн хэлэлцэх эсэх асуудалд хуумгай хандах нь зохисгүй юм.
Бизнес эрхлэгчдийн дунд хийсэн судалгаагаар хамгийн эхний чухал алхам бол хууль, эрх зүйн орчныг сайжруулах явдал хэмээн дүгнэсэн.
- Нэгдүгээрт хууль, эрх зүйн орчин тогтвортой байх тухай ойлголт нэн чухал. Хууль гэнэт өөрчлөгддөг эсвэл мэдээгүй байхад нь шинээр зүйл заалтууд орж шинэчлэгддэг. Энэ нь урт хугацааны хөрөнгө оруулалт хийдэг ААН-үүдэд хүндрэлтэй байдал үүсгэдэг. Үүнтэй холбоотой саналуудаа тавьсан. Дээрх саналыг хүлээн авч, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 6.1.2, 6.1.3-т өөрсдийн эрх ашиг, хөрөнгө оруулагчдын эрх ашигтай холбоотой хөндсөн асуудлыг оновчтой болгож, гадаадын хөрөнгө оруулагчдыг мэдээллээр хангадаг, хэлэлцүүлэгт оролцох боломжтой болгох талаарх эдийн засгийн холбогдолтой заалтууд анх удаа орсон байгаа.
- Хоёрдугаарт хууль, эрх зүйн орчноос хамаарч бизнест тулгардаг асуудал нь төрийн байгууллагуудын уялдаа холбоо. Засгийн газрын түвшинд холбогдох яамд хоорондоо ойлголцдоггүй. Засгийн газар болон орон нутгийн түвшинд гаргасан шийдвэрээ ойлголцдоггүй. Орон нутагт очихоор тэс өөр зүйл шаарддаг гэх мэтчилэн уялдаагүй байдал нь хөрөнгө оруулалт, бизнесийн үйл ажиллагаа хийх орчныг тогтворгүй болгодог.
Гадаадын хөрөнгө оруулалтын шинэчилсэн найруулгын төсөл дээр энэ чиглэлд бүтэн бүлэг оруулсан байсан. Тодруулбал тус хуулийн төслийн гуравдугаар бүлэгт зөвхөн төрийн захиргааны төв байгууллагаас гадна, төрийн бусад байгууллага, орон нутгийн байгууллага ямар түвшинд оролцох тухай заалтуудыг оруулсан байгаа. Үүнийг олзуурхаж байна” хэмээв.