Нийтийн тээврээр зорчих тарифыг шинэчилнэ. Нэг хүн өдөрт нэг л удаа мөнгө төлөөд дөрвөн удаа зорчих тогтолцоотой болно хэмээн Хотын дарга Х.Нямбаатар мэдээлж байв. Уг журмын төслийг өнөөдөр/2024.01.09/ болсон НЗД-ын хуралдаанд танилцуулжээ.
Уг зохицуулалтыг тодруулбал автобусны тасалбарыг ₮1,000 болгож, өдөрт дөрвөн удаа зорчих эрхтэй байх нь.
Хөнгөлөлттэй зорчдог иргэдийн картыг сард ₮30,000-аар цэнэглэнэ.
Харин хүүхэд зорчих тариф ₮500 байх бөгөөд сард 15,000 төгрөгөөр цэнэглэнэ. Дараагийн цэнэглэлтээс өмнө дуусвал иргэд өөрсдөө төлбөрөө төлөх журмын төслийг НИТХ-аар эцэслэн шийдэхээр болжээ.
НИТХ-ын төлөөлөгчдийн хуралдаан энэ сарын 15-нд болох юм байна.
Одоогийн тарифаар том хүн 500, хүүхэд 200 төгрөг төлж, нийтийн тээврийн автобусаар үйлчлүүлж байгаа билээ.
Нийтийн тээврийн автобусаар үнэгүй үйлчлүүлдэг буюу ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутан, хүүхдүүд өөрсдийн салбарын картаа авч заавал уншуулна. Нийслэлийн программаас эдгээр иргэний картыг дөрвөн удаа зорчих байдлаар цэнэглэж өгөхөөр тохируулах аж.