Томоохон гэмт хэрэгтэн хоригдож байсан шоронгоосоо ор сураггүй алга болсны дараа Эквадор улсын эрх баригчид орон даяар онц байдал зарлажээ.
Тус улсын хар тамхины хамгийн том гэмт хэргийн бүлэг Лос Чонеросын толгойлогч, Фито хочтой Адольфо Масиас өнгөрсөн Ням гарагт Номхон далайн боомт Гуайакил хотын шоронгоос алга болсон юм байна.
Түүнийг тус хотын өндөржүүлсэн хамгаалалттай өөр нэг шоронд шилжүүлэх гэж байжээ.
Даваа гарагт Эквадорын ерөнхийлөгч Даниэл Нобоа улс орон даяар 60 хоногийн онц байдал зарласан байна.
Фитог эрэн сурвалжлах ажиллагаанд олон мянган цэрэг, цагдаагийн албан хаагчдыг дайчилжээ.
Өнгөрсөн оны аравдугаар сард гэмт хэрэгтэй тэмцэх мөрийн хөтөлбөртэй сонгуульд ялсан ерөнхийлөгч Нобоа “Бид террористуудтай яриа хэлэлцээ хийхгүй, эквадорчуудад энх тайвныг буцааж авчрах хүртлээ амрахгүй” гэж сошиал хуудсандаа мэдэгдсэн байна.
Өмнөд Америкийн Эквадор улс сүүлийн жилүүдэд Колумб, Мексикийн картелуудын хар тамхины наймааны гол зам болсноор хүчирхийлэл, аллага эрс өссөн юм.
Шоронгоос оргосон 44 настай Фито нь нөлөө бүхий этгээд бөгөөд хоригдож байхдаа “narcocorrido” нэртэй дууны видео клип хүртэл хийлгэж байв.
Тэрбээр арван жилийн өмнө бас шоронгоос оргож байжээ.
Фитог оргоход тусалсан хэрэгт сэжиглэгдсэн хоёр албан тушаалтныг баривчилснаа Эквадорын прокурорын газар Ням гарагийн орой мэдээлсэн юм.
Адольфо Масиас хар тамхины худалдаа, аллага, зохион байгуулалттай гэмт хэрэгт нийтдээ 34 жилийн хорих ялыг 2011 оноос хойш эдэлж байгаа.
Түүний толгойлдог Лос Чонерос бүлгийг Мексикийн Синалоа картелтай холбоотой гэж мэргэжилтнүүд үздэг.
Өнгөрсөн оны наймдугаар сард Эквадорын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэг Фернандо Виллависиенсо алагдсаныг Лос Чонерос бүлэгтэй холбоотой гэсэн таамаг яригддаг.
Нэр дэвшигч алагдахаасаа өмнө Лос Чонерос бүлэг өөрийг нь айлган сүрдүүлсэн тухай ярьж байжээ. Гэхдээ эрх баригчид уг аллагад Лос Чонеросыг шууд буруутгаагүй байгаа.
Виллависиенсогийн аллагын дараа Фитог өндөржүүлсэн хамгаалалттай шоронд шилжүүлсэн ч сар хүрэхгүй хугацааны дараа эрх баригчид ямар нэг тайлбаргүйгээр энгийн дэглэмтэй шоронд нь буцааж байсан юм.