- Анна Гавальда: “35 кило найдлага”
Францын зохиолч эмэгтэйн “35 кило найдлага”2002 (францаар “35 kilos d’espoir”) нэртэй содон хэллэгтэй, богино яруу найргийн номд хүний амьдралын сонголт, хайр сэтгэлийн хүч, үнэнч дурлал, гэр бүл, хүний мөрөөдөл биелэх онцгой агшины талаар өгүүлдэг. Номын гол баатар 13 настай хүү “хүүхдийн” асуудлаа шийдэхээр өөрийн гэсэн гарц хайх бөгөөд түүнийгээ ч олно. Хүүгээс суралцах зүйл насанд хүрэгчдэд хангалтай байдаг учраас ном олны сонирхлыг татсан хэрэг.
2. Агата Кристи: “Арван бяцхан негр”
Хатагтай Агата Мэри Кларисса Маллоуэн буюу анхны нөхрийнхөө овгоор Агата Кристи гэж алдаршсан зохиолч эмэгтэй адал явдалт зохиолын сод төлөөлөгч юм. Түүний “Арван бяцхан негр” (Ten Little Niggers) номд алслагдсан нэгэн арлын эдлэн дээр тааралдсан хоорондоо ямар ч холбоогүй хүмүүсийн амьдралын сонирхолтой өрнөлийг өгүүлсэн байдаг.
Тэднийг хэн энэ арал дээр урин цуглуулав аа. Хэн яагаад тэднийг хамгийн ер бусын аргаар дараалан хөнөөсөн бэ. Өрнөж байгаа хэрэг явлууд яагаад хүүхдийн хөгжилтэй шүлэгтэй холбогдоно вэ. Энэ тайлал уншигчдыг өөртөө соронзон мэт татдаг.
- Ричард Бах: “Жонатан Ливингстон нэртэй цахлай”
Ричард Бахын ямар ч зохиолд өмнөтгөл, төгсгөл, намтар байдаггүй нь гайхмаар. Ер нь тэгээд энэ бүгд номд заавал байх хэрэгтэй ч юм уу даа. Ричард Бахын тухай хэрэгтэй бүгдийг “Жонатон Ливингстон нэртэй цахлай” (Jonathan Livingston Seagull) номоос бид мэдээд авчих юм чинь.
- Франко Арминио: “Нөгөө ертөнцөөс илгээсэн ил захидлууд”
Өгүүлэгчийн өмнөөс амьсгал хурааж байгаа агшиныг зурагласан хэдэн арван сурвалжлагыг зохиолч энэ номдоо багтаасан юм. “Үхлээсээ минутын өмнө тайван байж чадсан хүмүүсийн нэг нь би” эсвэл “Над шиг нөхдийг булшны хөшөөн дээр эргүүлсэн мушгиа сахалтайгаар дүрсэлдэг”. “Хэрхэн үхсэнээ ч би ойлгосонгүй” зэрэг үхлийн төсөөллөөр дүүрэн Франко Арминиогийн сэтгэмжит өгүүлэл болох “Нөгөө ертөнцөөс илгээсэн ил захидлууд (италиар Cartolinedaimorti) ном хэвлэгдсэн газар бүртээ л бестселлер болдог.
- Рэй Брэдбери: “Багваахай цэцгийн дарс”
Арван хоёр настай хүү гэгээлэг ертөнцөд зочлоод нэгэн зуныг тэндээ баяр хөөр, гуниг, таамаглал, зовнилоор дүүрэн өнгөрүүлнэ. Уншигч таныг ч бас тэнд “чи амьд, чи амьсгална, чи мэдэрнэ!” гэсэн уриатай шинэ зуны нээлттэй өдрүүд хүлээж байгаа. Энэ бол Рэй Брэдберийн “Багваахай цэцгийн дарс” зохиол. 1957 онд хэвлэгдсэн Dandelion Wine ном дэлхийн сонгодог уран зохиолын алтан санд багтдаг юм.
- Терри Пратчетт: “Муурын тухай байгаагаар нь”
Эхлээд эргэлзээгүй үнэн үг байв. Тэр үг нь муур. Энэ эргэлзэхийн аргагүй үнэнийг муурын ард түмэнд бурхан өөрийн сурагч Терри Пратчеттаар дамжуулан хүргэжээ. Терри Пратчетт нэрээр алдаршсан, сэр Теренс Дэвид Жон Пратчеттын муурын төрлийн тухай сонирхолтой ном таныг хүлээж байгаа.
Та энэ номоос муурны тухай мэдэж авна. Муур юунаас бүтэв, тэдний доторх “төхөөрөмжүүд”, тэдэнд үйлчилдэг болон үйлчилдэггүй хууль, юу идэж, юу уудаг вэ гээд бүгдийг мэдэх болно. “Тэнэгүүдгүй муур”, “Муурын тухай байгаагаар нь” эсвэл “Жинхэнэ мяугайн төлөө” (англиар “The Unadulterated Cat) гэх мэтээр нэрлэж болох номын үзүүлэн, зураг дизайныг сайжруулах гэж Английн нэртэй график зураач Грей Жоллифф ажилласан байна. “Номд мөргөе, Мяу!”
- Алессандро Барикко: “Торго”
1996 онд хэвлэгдсэн А.Бариккогийн “Торго” (италиар seta) роман нь ХХ зууны сүүлчийн хамгийн онцгой итали бестселлер юм. Үйл явдал нь XIX зууны сүүлчээр Японд өрнөнө. Энэ номд ямар ч онгоц, угаалгын машин, сэтгэл судлал байхгүй гэдгийг зохиолч шууд л сануулдаг. Европ, Америкийг байлдан дагуулсан ганган торго шиг туужид эмэгтэй хий үзэгдэл, гүйцэгдэшгүй хуял тачаалын тухай өгүүлдэг юм.
- Сергей Довлатов: “Чемодан”
ХХ зууны сүүлч, XXI зууны эхэн үеийн хамгийн алдартай, хамгийн олон уншигчидтай Оросын зохиолчдын нэг нь Сергей Довлатов. Түүний тууж, өгүүлэл, тэмдэглэл нь олон хэлээр орчуулагдсан. Мөн кино урлагийн олон бүтээлийг төрүүлсэн. Их дээд сургуулийн оюутнуудын судлах чухал материал нэг болдог. Түүний “Овжин эр” хошин өгүүллэгийг орчуулагч Х.Мэргэн 13 настайдаа монгол хэлнээ хөрвүүлж, аав нь “Тоншуул” сэтгүүлд хэвлүүлж байжээ.
Сергей Довлатовын гайхмаар инээдэмтэй, өрөвдөм гунигтай “Чемодан” зэрэг зохиолууд эртнээс дэлхийн сонгодог зохиолд тооцогдсон. “Хөлийн хуруунууд толгойн чих хөлдөөв”, “Өчигдрийн уусан архи өнөөдөр туулайн арьсан малгай залгисан мэт”,“Архидалтыг эмчилж болно. Харин архидахыг эмчилж болохгүй” зэрэг зохиолыг нь хэдэн ч удаа уншсан залхахгүй.
- Мартен Паж: “Би хэрхэн солиот болов”
“Би хэрхэн солиот болов” (“Comment je suisdevenu stupide) ном бол дөнгөж 30 гарч яваа залуу зохиолчийн бүтээл, түүний анхны роман юм. 2001 онд хэвлэгдсэн энэ ном хэвлэгдэж, борлуулалтад гармагцаа франц залуучуудын сэтгэлийг эзэмдэж чадсан. Романы баатар “Ухаан бол эзнээ хэзээ ч аз жаргалгүй, ганцаардмал, ядуу болгодог. Харин ухаантай дүр эсгэх нь мөнхийн амьдрал, сонины хуудсаар дамжин алдаршиж, хүмүүсийн итгэл бишрэлийг олж болно” гэж үздэг.
Тэгвэл зохиолчийн үеийн ухаалаг залуус номыг “Зөв амьдралд төлөвшиж чадахгүй байгаа хэрэгцээтэй асуудлыг хөндсөн, хүмүүсийн маанаглалд хийсэн аялал” гэж дүгнэдэг. Пажийн номын нэгэн шүүмжид уг номыг “Хүүхдийн гэнэн сэтгэл, насанд хүрэгчийн увайгүй зангийн тунхаг” гэж тодорхойлсон байдаг. Уншигчид нь зохиогчийн чухал царайлж, дүр эсгээгүй хөнгөн бичлэг, овжин ухаан, уран зөгнөл бүхий чадварт дуртай.
- Энн Файн: “Алуурчин муурын өдрийн тэмдэглэл”
Таффи нэртэй муурын өмнөөс бичсэн энэ хөгжөөнтэй ном муур гэдэг амьтанд дуртай бүх насныханд сайхан бэлэг болно. Энн Файн 1994 онд бичсэн энэ номдоо (The Diary of a Killer Cat) муурын хэлийг британи элэглэлийн хөнгөн жанараар дамжуулан маш дэгжин буулгажээ.
М.ЭРДЭС