Нийслэл хот маань жилд нийт 55 сая метр куб гүний ус хэрэглэдэг. Манай улсад бүртгэлтэй нийт аж ахуйн нэгжийн 75 хувь, нийт хүн амын 50 гаруй хувь нь Улаанбаатар хотод аж төрж байна. Өнөөдрийн байдлаар гүний усны долоон эх үүсвэрээс хоногт дунджаар 310 мянган метр куб ус олборлон, хэрэглэгчдэд түгээж байгаа.
2040 онд Улаанбаатарын иргэдийн тоо 2.2 саяд хүрэхэд, хоногт 608,240 метр куб ус хэрэглэнэ гэсэн тооцооллыг Мянганы сорилтын сангаас хийжээ. Түүнчлэн ААН-үүд үйл ажиллагаагаа тэлэх үед ус хангамжийн асуудал шууд болон шууд бусаар нөлөөлнө гэсэн судалгааны үр дүн гарсан байна.
МЯНГАНЫ СОРИЛТЫН САН БОЛОН “КОМПАКТ” ГЭРЭЭ ГЭЖ ЮУ ВЭ?
АНУ-ын Мянганы сорилтын корпорац нь эдийн засгийн өсөлтөөр ядуурлыг бууруулах зорилгын хүрээнд тодорхой шалгуурт тэнцсэн бага, дунд орлоготой улс орнуудтай Компакт гэрээ байгуулан, таван жилийн хугацаатай тэтгэлэг, буцалтгүй тусламж олгодог. Тиймээс манай улсын Засгийн газрын 111.76 сая ам.долларын хөрөнгө оруулалт, АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламжаар “Компакт” гэрээг хэрэгжүүлж байгаа юм.
“Мянганы сорилтын II Компакт гэрээ”-г 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдөр байгуулсан. Гэрээнд заасан төсөл, хөтөлбөрийг 2026 оны гуравдугаар сарын 31-ний дотор багтаан хэрэгжүүлж дуусгана.
Тус Компакт гэрээний хүрээнд үндсэн гурван төсөл хэрэгжиж байна. Үүнд:
- Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төсөл. Энэ ажлын хүрээнд газрын доорх усны ордыг түшиглэн шинэ эх үүсвэрүүдийг байгуулж, дэвшилтэт технологи бүхий ус гүн цэвэршүүлэх байгууламж барина.
- Хаягдал ус дахин боловсруулах төсөл. Ус дахин боловсруулах үйлдвэр барьж, боловсруулснаар дулааны цахилгаан станцын хэрэглээнд нэвтрүүлэх юм.
- Усны салбарын тогтвортой байдлыг хангах. Энэ ажлыг хэрэгжүүлэх зорилгоор усны салбарын удаан хугацааны тогтвортой байдлыг сайжруулж, салбарын бодлого, эрх зүйн орчин, институцийн шинэчлэл хийх аж.
Дээрх ажлуудын үр дүнд нь Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, 30 жилийн дараах нийслэлийн 650 гаруй мянган өрхийн 2.4 сая гаруй иргэн, үйлдвэрлэл, үйлчилгээний газруудыг цэвэр усаар тогтвортой хангах нөхцөл бүрдэх юм.
ХАЯГДАЛ УС ДАХИН БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР
Улаанбаатар хотын нэг жилийн нийт гүний усны хэрэглээний 23.8 хувийг Дулааны III, IV цахилгаан станц үйлдвэрийнхээ үйл ажиллагаанд зарцуулдаг байна.
Компакт гэрээний хүрээнд хэрэгжиж буй Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нь Шинэ төв цэвэрлэх байгууламжийн хажууд баригдаж байгаа. Тус үйлдвэрийн барилга угсралтын ажил 2022 онд эхэлсэн. Одоогоор 27 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа бөгөөд 2025 оны нэгдүгээр сараас туршилтын ажлаа эхлүүлэхээр төлөвлөсөн аж.
Хятадын хөрөнгө оруулалтаар баригдаж буй Шинэ цэвэрлэх байгууламж нь хоногт 250 мянган метр куб бохир ус хүлээн авч цэвэрлэх хүчин чадалтай. Үүнээс 50 мянган метр куб усыг Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрт хүлээн авч гүн цэвэрлэнэ.
Гүн цэвэршүүлсэн усаа 11.2 км ус дамжуулах шугам хоолойгоор Дулааны III, IV цахилгаан станцад нийлүүлэх юм. Ингэснээр тус хоёр станцын нэг жилд хэрэглэж буй 18 сая метр куб гүний усыг хэмнэх юм.
“Монгол Улсын эрчим хүчний салбарт анх удаа дахин боловсруулсан усны хэрэглээг нэвтрүүлсэн”
Компакт гэрээний ач холбогдлын талаар Монголын Мянганы сорилтын сангийн Гүйцэтгэх захирал Э.Энхгэрэл “Компакт гэрээгээр хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийг Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг хязгаарлагч гол хүчин зүйлсийн судалгаанд үндэслэн, Улаанбаатар хотын 2030 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулсан.
Хөтөлбөр амжилттай хэрэгжсэнээр өргөжин тэлж буй нийслэл хотын хүн амын хэрэглээ, эдийн засгийн үйл ажиллагаанд шаардлагатай усаар урт хугацаанд, тогтвортой хангах нөхцөл бүрдэнэ.
Хаягдал ус дахин боловсруулах төслийн тухайд Монгол Улсын эрчим хүчний салбарт анх удаа дахин боловсруулсан усны хэрэглээг нэвтрүүлсэн бөгөөд ус хангамжийн хязгаарлагдмал нөөцийг зохистойгоор удирдах боломжийг нэмэгдүүлнэ” хэмээн ярив.