Шинэ жилийн баярын өдрүүдэд хоол хүнсний аюулгүй байдлыг хангах, хоолны хордлогоос урьдчилсан сэргийлэх талаар Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-ийн захирал Ж.Байгалмаа дараах зөвлөмжийг өглөө.
Монгол Улсад 2023 оны эхний 11 сарын байдлаар гэдэсний халдварт өвчин, хоолны хордлогын нийт 3,317 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн үеийн мөн үетэй харьцуулахад 1,211 тохиолдлоор их байгаа аж.
Мөн энэ онд улсын хэмжээнд гэдэсний халдварт өвчний найман дэгдэлт бүртгэгдэж, нийтдээ 683 хүнд эмнэлзүйн шинж тэмдэг илрэн 106 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ. Түүнчлэн шинжилгээ хийлгэсэн 127 хүнээс гэдэсний халдварт өвчний эмгэг төрөгч нян илэрсэн байна.
Эдгээр дэгдэлтийн:
- 37.5 хувь нь хүүхдийн байгууллагад
- 25 хувь нь цэргийн ангид
- 37.5 хувь нь нийтийн хоолны үйлчилгээ, зөөврийн хоолтой холбоотой байжээ.
Иймд эрүүл мэндийн байгууллагаас шинэ жилийн баяр болж байгаатай холбогдуулан иргэд болон хоол үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдаг аж ахуйн нэгжид дараах ЗӨВЛӨГӨӨГ өглөө.
- Түүхий эд бүтээгдэхүүнийг зөвхөн зөвшөөрөлтэй хүнсний дэлгүүр, супермаркетаас худалдан аваарай.
- Өндөг, өндгөн бүтээгдэхүүн, майонез, мөхөөлдөс, кремтэй бялуу, жигнэмгийг хөргөгч хөргүүртэй газраас авах хэрэгтэй.
- Хүнсний бүтээгдэхүүнийг тохирсон хэмд нь хөргөгчид хадгалах ёстой. Мах махан бүтээгдэхүүнийг хөлдөөгчид хадгална.
- Болсон болон түүхий эд бүтээгдэхүүнийг тусад нь хадгалах ёстой.
- Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэхийнхээ өмнө гараа заавал угаагаарай.
- Түүхий хэрэглэдэг жимс, ногоог сайтар угааж хэрэглээрэй.
- Ундны усаа 24 цагийн дотор заавал буцалгаж хэрэглэж дуусгах.
Гэдэсний халдвараар өвчилсөн хүнийг гэртээ тусгаарлаад харьяа өрх, дүүргийнхээ эмнэлэгт хандаж эмчлүүлэх ёстой. Хэрвээ гэрээр эмчлүүлсэн тохиолдолд эмчилгээг бүрэн хийхэд анхаарах ёстой гэв.