Засгийн газрын хуралдаанаар яригдсан асуудлаар хэвлэлийн хурал зохион байгуулах үеэр “Хилээр гарсан нүүрс тээврийн 19,000 машины мэдээллийг устгасан байна гэдэг асуудал яригдаж байна. Өмнө нь 11,000 машины мэдээллийг устгасан гэж байсан. Үүнд Засгийн газрын холбогдох албан тушаалтнууд оролцоод байгаа юм биш биз дээ гэсэн хардлага байна” гэсэн сэтгүүлчийн асуултад ЗГХЭГ-ын дарга, сайд Б.Амарбаясгалан тайлбар өгөв.
Тэрбээр “Өчигдөр олж сонссон мэдээллээр 2016 оноос өмнөх цаг үеийн мэдээллийг устгасан гэдэг асуудал яригдсан. УИХ-ын Хянан шалгах түр хорооноос тодорхой мэдээлэл өгөх байх.
Хилээр бүртгэлгүй гарсан машины жагсаалт дотор миний нэр орсон байсан. Манайх үе удмаараа нүүрс, газар ухах бизнес огт хийдэггүй, хийх сүсэг бишрэлгүй айл өрх. Энэ тухай өмнө нь хэлж байсан. Намайг нүүрсний бизнестэй холбох гэж огт мэдэхгүй компанийн нэрийн ард Амарбаясгалан гээд бичсэн байсан. Хэрэв тийм бол намайг дуудаж асуухгүй байгаа нь сонин байна” гэсэн хариултыг хэллээ.