“Эрдэнэс Тавантолгой” ХК-аас “Тавантолгой түлш” ХХК-д олгосон санхүүжилтийг Хянан шалгах түр хорооны Шинжээч танилцууллаа.
Тэрбээр “Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолоор “Түүхий нүүрсний хэрэглээг хориглох тухай”, Засгийн газрын хуралдааны 2018 оны 18 дугаар тэмдэглэлд “Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах тухай”, Эрдэнэс Монгол ХХК-ийн ТУЗ-ийн 2018 оны 23 дугаар тогтоолыг үндэслэн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх чиг үүрэг бүхий Тавантолгой Түлш ХХК-ийг үүсгэн байгуулсан байна.
Тус компанийн 51 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, 39 хувийг Эрчим хүчний яам, 10 хувийг Төрийн өмчит бодлого зохицуулалтын газар эзэмшдэг. Энэ оны аравдугаар сарын байдлаар 2,700 ажилтай юм.
Тавантолгой Түлш ХХК нь 2023 оны гуравдугаар улирлын байдлаарх санхүүгийн тайлангаар нийт 413.3 тэрбум төгрөгийн хөрөнгө, 997.2 тэрбум төгрөгийн өр төлбөртэй, 583.9 тэрбум төгрөгийн хуримтлагдсан алдагдалтай ажиллаж байна.
Нийт өр төлбөрийн 96 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлжээ. Мөн тус компани нь нийслэлийн гэр хорооллын иргэдийг сайжруулсан шахмал түлшээр хангадаг бөгөөд нэгж түлшийг алдагдалтай өртгөөр борлуулдаг.
“Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 15 гэрээний үндсэн дээр нэг их наяд төгрөгийн санхүүжилтийг “Тавантолгой Түлш” ХХК-д олгожээ.
УИХ-ын Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах “Нүүрсний” хоёр дахь сонсгол гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдрийн сонсголоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин компаниудад оруулсан хөрөнгө оруулалт болон бусад санхүүжилттэй холбоотой дараах долоон сэдвээр нотлох баримтыг шинжлэн судлах бөгөөд энэ хүрээнд 18 гэрчийг дуудсан байна.
- “Тавантолгой түлш” ХХК болон төсвийн шинжтэй санхүүжилтийн талаар
- Загийн усны хоолойгоос ус татах шугам хоолойн барилга угсралтын ажил
- Тавантолгой дулааны цахилгаан станц
- Уурхайн суурьшлын бүсийн бүтээн байгуулалтын төсөл
- Кокс-эрчим хүчний үйлдвэр
- Шивээ Овоо ХК
- Багануур ХК