Нийслэлд өргөн хэрэглээний АИ92 шатахуун хомстож, иргэд шатахуун түгээх станцуудын гадна урт цуваа үүсгэн зогсох болоод 10 гаруй хонож байна.
Өвлийн хүйтэнд шатахуун нь дуусаад хаана унтарчих бол гэх айдастай явж байгаа хүн олон бий. Заримынх нь машин дугаарлаж зогсох хугацаандаа унтарч буй.
Тэгвэл ийм байдалд хүргэж байгаа шалтгаан нь нийлүүлэлттэй холбоотой байж болох тул энэ талаар тодруулахаар Улаанбаатар Төмөр Зам(УБТЗ) Хувь Нийлүүлсэн Нийгэмлэг(ХНН)-ийг зорилоо.
Улсын хэмжээнд АИ92 шатахууны нэг өдрийн хэрэглээ нь 24-25 вагон буюу 1,500 тонн байдаг аж.
УБТЗ ХНН-ийн Тээвэр зохион байгуулалтын албаны дарга Ц.Ариунболд “ОХУ-ын нутаг дэвсгэрт Монголыг чиглэн яваа 850 вагон бий. Үүний 176 нь шатахуун, 593 нь түлш байна. 176 вагон шатахуун гэдэг нь манай улсын 8-10 хоногийн нөөц. Бид ОХУ-аас орж ирсэн бүтээгдэхүүнийг 18-20 цагийн хугацаанд хүлээн авагч компанид хүргэж өгдөг.
Өнөөдөр өглөөний байдлаар Толгойт өртөөнд 78 вагон АИ92 шатахуун байна. 33 вагон нь өнөөдөр бууж, 45 нь маргааш бууна.
Мөн 102 вагон дизель түлш бий. 55 нь өнөөдөр, 47 нь маргааш бууна. Үндсэндээ нефть бүтээгдэхүүн буюу дизель түлш, шатахуун ОХУ-аас тогтсон хуваарийн дагуу орж ирж байгаа.
Одоогоор
- НИК компанид 54 вагон шатахуун, түлш ирж байгаа. Өнөөдөр 11 нь бууж байна.
- Шунхлайд 53 вагон байгаагаас өнөөдөр 16 вагон нь бууж байгаа, үлдэж буй вагонууд маргааш гэхэд бууна. Төмөр замтай холбоотой ямарваа нэг хүндрэлтэй асуудал байхгүй” гэх мэдээллийг өгөв.
Түүнээс зарим асуултад хариулт авлаа.
– Монгол Улсын хилээр өдөрт хэр хэмжээний шатахуун, дизель түлш орж ирж байгаа вэ?
– Монголд хоногт хоёр галт тэрэг буюу хоёр цуваа орж ирдэг. Нэг цуваа нь дунджаар 50-55 вагонтой гэж үзэхэд 100-110 вагон түлш ирж байна. Аравдугаар сарын дунджийг авч үзэхэд 86 вагон түлш, шатахуун орж ирж байсан.
Толгойт өртөөнд 78 вагон байгаа нь 4,758 тонн шатахуун бэлэн гэсэн үг.
– Одоо нийлүүлэгдэж буй шатахууны хэмжээг өнгөрсөн онтой харьцуулж үзвэл ямар өөрчлөлттэй байгаа бол?
– Энэ оны арванхоёрдугаар сарын 17-ны өдрийн байдлаарх тоо хэмжээг 2022 онд орж ирсэн гүйцэтгэлтэй харьцуулахад 25.5 хувиар өссөн. Зөвхөн Хятад улсаас л гэхэд энэ онд импортолсон шатахуун, түлшний хэмжээ нь өнгөрсөн жилийнхээс 25.7 хувь илүү байна.
– Та нийлүүлэлт хэвийн байгааг хэллээ. Гэхдээ иргэд шатахуун авахын тулд урт дараалал үүсгэн, хэдэн цаг зогссоор л байна шүү дээ?
– Төмөр замаар шатахуун, түлш хэвийн орж ирж байна. Өнгөрсөн оноос 25.5 хувиар өссөн. Ачаа хүлээж авч байгаа компаниудад цаг тухайд нь хүргэж өгч байна. Үүнээс цааш буюу борлуулалтын асуудлыг би мэдэхгүй.