УИХ дахь АН-ын бүлгээс өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулах үеэр Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны/АЭХ/ тэргүүн Б.Жаргалан мэдээлэл өглөө.
Тэрбээр “Өчигдөр буюу амралтын өдөр Засгийн газар, Нийслэлийн удирдлагаас тодорхой шийдвэрүүдийг гаргаж, сургуулийг цахимд шилжүүлж, дугаарын хязгаарлалтыг хавтгайруулсан шийдвэрүүд гарлаа.
Иймд манай холбооноос Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлж байгаа юм” гээд шаардлагыг уншиж танилцууллаа.
- МАН-ын Засгийн газар, Нийслэлийн удирдлагын хариуцлагагүй үйл ажиллагаа8 алдаатай шийдвэрүүд иргэдийн амьжиргаа, аюулгүй байдал, эрүүл мэнд, ирээдүйд аюул занал учруулсаар байна.
- Эрх баригчид эрчим хүч, шатахууны хомсдол, агаар, хөрсний бохирдол, замын түгжрэл, нийтийн тээврийн хүртээмж, төрийн үйлчилгээний доголдол, боловсрол, эрүүл мэндийн салбарын уналт зэрэг төрийн бодлогоос шууд хамааралтай нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх чадамжгүй нь нотлогдлоо.
- Төрийн дарамт, төсвийн хулгай хэрээс хэтэрснээр ардчилсан тогтолцоо, чөлөөт эдийн засаг зэрэг Үндсэн хуулиар баталгаажсан монголчуудын суурь үнэт зүйлсэд заналхийлж, төрд итгэх итгэлийг үгүй хийж байна.
- 2023 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдрийн гэнэтийн шийдвэрүүд хүүхдүүдийн сурч боловсрох эрхэд халдаж, эрсдэлд оруулаад зогсохгүй, эцэг эхчүүдийн хөдөлмөрлөх боломжийг боомилж, гэр бүлийн орон зайд хүртэл сөргөөр нөлөөлөх үр дагавартай байна.
- Тухайлбал ЕБС-ийн танхимын хичээлийг цахим хэлбэрт шилжүүлэх тухай БШУ-ны сайдын тушаал нь цаг хугацааны хувьд бэлтгэл хангах боломжгүй, сурагчид, багш, эцэг эхчүүдийн хэрэгцээг уландаа гишгэсэн шийдвэр боллоо.
- Хэдхэн хоногийн өмнө зарлагдсан PISA үнэлгээгээр монгол хүүхдүүд мэдлэг чадварын хувьд бусад улс орнуудтай харьцуулахад 2.5 жилийн хоцрогдолтой гэж гарсан. Цахим сургалтын хүртээмж, чанар хангалтгүй байгаа талаар олон судалгаа хийгдсэн байдаг. Гэтэл хоцрогдлыг улам бүр даамжруулах шийдвэр гаргасанд харамсаж байна.
- Гэнэт зарлагдсан шийдвэрийн улмаас хүүхэд хүчирхийлэлд өртөх, ахуйн хүрээний осолд өртөх магадлалтай байна. Тиймээс цар тахлын бус үед хүүхдүүдийг нэмэлт эрсдэлд оруулахгүй байх нь чухал.
- Тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалтыг тэлэх зэрэг цочир шийдвэрүүд эмэгтэйчүүдэд хүндээр тусдаг. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжгүй байдал, цар тахлын хөл хорионы улмаас бага насны хүүхэдтэй ээжүүд албан ёсны хөдөлмөр эрхлэлтээс шахагдан, эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин жил бүр буурсаар байна. Энэ нь урт хугацаанд эмэгтэйчүүдийн эдийн засгийн болон нийгмийн оролцоонд сөргөөр нөлөөлдөг хортой үзэгдэл юм. Тиймээс иргэдийн амьдрал ахуйд хүндрэл учруулахаар эдгээр шийдвэрээ залруулж, урь хугацааны бодлого танилцуулахыг МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танаас шаардаж байна” гэв.