Ойрын жилүүдэд ашиглалтад орох болон гацаад буй цахилгаан станцын төслүүд мөн энэ салбарт ирэх жил хэдий хэмжээний хөрөнгө оруулалт төлөвлөгдөөд буйг танилцуулъя.
Яагаад Эрчим хүчний яамны улсын төсөв Соёлын яамныхнаас бага байгаа вэ?
Иргэд ирэх оны Эрчим хүчний салбарын төсвийг Соёлын яамныхнаас бага байна хэмээн шүүмжлээд буй. Харин эх баригчид болон холбогдох албаныхан уг салбарын том хэмжээний төслүүдийг улсын төсвөөс бүрэн санхүүжүүлэх боломжгүй. Гадаадын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хүрээнд л шийдэх боломжтой гэсэн юм.
Түүнчлэн Эрчим хүчний салбарын нэг онцлог нь Эрчим хүчний яам нь төсвийн байгууллага учраас тэнд ажилладаг 100 орчим хүний цалин л улсын төсвөөс гардаг.
Мөн эрчим хүчний салбарт ажиллаж буй 16,000 орчим хүн нь цахилгааны төлбөр төлсөн тарифаас санхүүжиж, аж ахуйн тооцоон дээр буюу өөрсдөө орлогоо олж, зарлагаа гаргадгаараа онцлог байдаг байна.
Ирэх онд хөрөнгө оруулалтын төслүүдийг санхүүжих дүнгээр нь жагсаавал эн тэргүүнд эрчим хүчний салбарын бүтээн байгуулалт байгаа ба нийтдээ 1.07 их наяд төгрөгийг эрчим хүчний найдвартай хэрэглээг хангахад зориулахаар төлөвлөжээ. Үүний 255 тэрбум төгрөгийг нь улсын төсвөөс гаргах аж.
10 аймагт баригдаж эхлээд буй дулааны цахилгаан станцууд:
Ойрын жилүүдэд ашиглалтад орох цахилгаан станцууд болон гацаад буй төслүүдийнхээ талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн дараах зүйлсийг ярьсан юм.
Ойрын жилүүдэд ашиглалтад орохоор төлөвлөгдөөд буй цахилгаан станцын төслүүд:
- Дорнодын цахилгаан станцын 50 МВт-ын өргөтгөлийг ирэх оны нэгдүгээр сардаа багтааж ашиглалтад авах байх.
- Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын зээлийн тусгайлсан хэлэлцээрүүд хийгдсэн. Шалгарсан байгаа “Power China” компани төлөвлөгөөгөө ирүүлсэн байгаа. Дөрвөн жилийн дотор баруун бүс дээр ашиглалтад орно.
- Тавантолгойн цахилгаан станцад хоёр оролцогч орж ирсэн ч хоорондоо маргаантай байгаа. Энэ шүүхийн асуудал дуусах юм бол 2024 ондоо багтаад эхэлнэ. 2026 оны төгсгөлөөр 300 МВт-ын хүчин чадалтайгаар ашиглалтад орно.
- Бөөрөлжүүтийн 300 МВт-ын хоёр блок цахилгаан станц баригдаад явж байна. 2024 оны гуравдугаар улирлын төгсгөл гэхэд эхний 150 МВт-ын блокийг ашиглалтад авна. Хоёр дахь блокийг 2025 оны тавдугаар сардаа ашиглалтад авахаар төлөвлөгдөөд явж байна.
Ажил нь гацсан буюу удаашралтай байгаа цахилгаан станцын төслүүд:
- Багануурын цахилгаан станцын хувьд хуучин хөрөнгө оруулагч нар нь хөрөнгө оруулахгүй гэсэн шалтгаанаар зогсоод байгаа. Шинэ хөрөнгө оруулагч олсон. 2024 оны нэг, хоёрдугаар сардаа шийдэгдэнэ. 400 МВт-ын блокоо 30 сараас илүүгүй хугацаанд ашиглалтад авна гэж ярьж байна.
- ОХУ-тай ТЭЦ III-ын өргөтгөлөөр хэлэлцээр хийгээд явж байгаа өнгөрсөн оны есдүгээр сард Техник, Эдийн Засгийн Үндэслэл(ТЭЗҮ) хийж ирүүлсэн. Харамсалтай нь үнэ өндөр байгаа. Үнээ буулгах тал дээр хэлэлцээр явж байгаа ч богино хугацаанд энэ төслийг амжилттай дуусгаж чадахгүй байна.
- Хятадаас эрчим хүч импортлох асуудлаар өнгөрсөн оноос хэлэлцээр хийгээд явж байна. Өвөр Монголын талаас эрчим хүч нийлүүлье гэдгээ албан ёсоор илэрхийлсэн. “Оюу Толгой” ХХК техникийн нөхцөлийг бүрдүүлэхээр 17 орчим сая долларыг санхүүжүүлэх шийдвэрийг гаргасан. Оюутолгой компани дээр техникийн нөхцөлийг хангах тендер зарлагдаад явж байна. Харамсалтай нь өвлийн оргил ачааллаас өмнө тоног төхөөрөмжөө суурилуулж амжаагүй учраас энэ өвөлдөө Хятадаас цахилгаан эрчим хүч импортолж чадахгүй нөхцөл байдал үүссэн гэсэн юм.
Эдгээрээс гадна эрчим хүчний 80МВт чадал нийлүүлэх батарей хуримтлуурын туршилт, тохируулгын ажил энэ сард эхлээд байгаа юм.
Уг батарей хуримтлуур ашиглалтад орсноор:
- Оргил ачааллын үед нэгдсэн сүлжээнд 80МВт хүртэл чадлыг нийлүүлж, тэр хэмжээгээр импортын эрчим хүчийг бууруулах
- Хүчдэлийн давтамж тохируулга хийх, ДЦС-уудыг “0” зогсолтоос сэргээх цахилгаан эрчим хүчийг нэгдсэн системд нийлүүлэх ач холбогдолтойг салбарын яамнаас мэдээлж байжээ.