Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам (БОАЖЯ)-наас цаг үеийн асуудлаар өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.
Монголд зочлох жилийн хүрээнд манай оронд 600,000 орчим жуулчин ирж, ДНБ-д оруулах хувь нэмэр нь нэг тэрбум ам.долларт хүрч байгааг өчигдөр БОАЖЯ-ны албаны эх сурвалж хэлж байв.
Тэгвэл аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд хийж буй онцлох ажлын талаар БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын дарга В.Батчимэг дараах мэдээллийг өнөөдрийн хурлаар өгөв.
Тэрбээр “Байгаль хамгаалагчдын хоёрдугаар чуулганаас гарсан бэлчээрийн даацыг багасгах зорилтын хүрээнд жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, “Нэг жуулчин-нэг хонь” төслийг Монгол Улсын хэмжээнд зарлаад байгаа.
Энэ төслийг хэрэгжүүлэх хүрээнд аймгууд манлайлал үзүүлж байна.
Булган аймагт “Нэг жуулчин-нэг хонь” төсөл хэрэгжиж эхэлсэн. Энэ хүрээнд БОАЖ-ын сайд, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны ерөнхийлөгч Ц.Баатарсайхан, Булган аймгийн Засаг даргатай санамж бичиг байгуулсан.
Санамж бичгийн хүрээнд БНСУ-аас ирэх жуулчдад орон нутгийн малчдын маллаж буй хоттой хониноос нэг жуулчинд нэг хонь бэлэглэж, улмаар малчин жуулчдын хонийг нь маллах төслийг эхлүүлсэн.
Дэлхий нийтээр амьд харилцааг бий болгох чиглэлд анхаарч байгаа. Жуулчид Монголд гэр бүлээрээ буцаж ирэх, мал аж ахуйтай танилцах, малчин өрхүүдтэй хамтарч ажиллах гэх мэтчилэн зорилтын хүрээнд “Нэг жуулчин-нэг хонь төсөл”-ийг хэрэгжүүлж эхэлж байгаа.
Мөн Архангай аймгаас “Нэг жуулчин-нэг ямаа” гэх төслийг хамтарч, хэрэгжүүлэхээр ажиллаж байна” хэмээв.